Цагдаагийн газарт ирсэн гомдол, мэдээлэл өмнөх оныхоос 50 хувь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-18 12:23:39

  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас өнгөрсөн оны ажлаа аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдэд тайлагналаа. Иргэний зөвлөлийн гишүүд нь аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн хяналт тавих, хууль журмын хэрэгжилтийг хангах зэрэгт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилладаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд байсан ашиглагдахгүй байрыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгөхөд Иргэний зөвлөлийн гишүүд идэвх санаачлагатай ажиллаж нааштайгаар шийдвэрлэж өгчээ.  

“Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгж байгууллаас гэмт хэргийн шинжтэй 534, зөрчлийн шинжтэй 680, нийтдээ 1214 гомдол мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх оныхоос 50,3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1211 иргэнийг саатуулсан нь өмнөх оныхоос 24,6 хувиар өссөн. 2018 онд аймгийн хэмжээнд 332 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд гэмт хэргийн илрүүлэлт 65,1 хувьтай байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Лхагвадорж энэ үеэр хэллээ.

 

Холбоотой мэдээ