Монгол ахуйг тооцож дулааны төхөөрөмжийг бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-01-17 14:26:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын эрдэмтэд шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулах, цахилгаан дулааныг хадгалах блокон зуух зохион бүтээсэн талаар манай агентлаг саяхан мэдээлсэн. Иргэдийн хүсэлтээр, “Монватт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдоржоос уг төхөөрөмжийн тухай мэдээллийг дэлгэрүүлэн тодруулсан юм.

Тэрээр, төхөөрөмжүүдийг туршаад 3-4 жил болсон учир одоо өргөнөөр нэвтрүүлэхэд бэлэн болоод буйг тодотгоод, “Төхөөрөмжүүд нь шөнийн цагт ашиглаагүй илүүдэл цахилгаан, эрчим хүчийг ашиглаж байгаа учир эрчим хүч зарцуулалт хямд, сард 19 мянган төгрөгийн төлбөр гарна. Гэтэл гэрийг дулаалахад 120 мянга, сар түлэх нүүрсний зардал 100 мянган төгрөг байгаа. Гэхдээ төхөөрөмжүүдийг анх худалдан авах өртөг нь өндөр, жишээ нь, дулаан хадгалах блокон зуух гэхэд 2 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг иргэдэд 3-4 жилийн хугацаатай, нэг хувийн зээл өгөх хэлбэрээр зохицуулж болох тухай саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. Гэр хорооллын айл өрх сар бүр 30 мянган төгрөгийг төлөөд явахад, 2 жилийн дараа өндөр технологийн, ашигтай халаалттай болчих юм. Манай төхөөрөмж 298 кг, найм найман хэсэгчилсэн блокоос бүрддэг, шөнийн цахилгааныг блокуудад хуримтлуулж, маш битүү вакуум орчинд хадгалаад, түүгээрээ өдрийн цагаар гэр орон, сууцаа дулаацуулчихна. Хүний эрүүл мэндэд аюул, хоргүй байх бүх асуудлыг давхар шийдсэн, наад зах нь бага насны хүүхдүүд түлэгдэхгүй байх нөхцөлийг хангасан” гэв.


Өнөөдөр манай улсад дотооддоо эрдэмтдийн оролцоотойгоор ААН-үүд төрөл бүрийн халаагуур, дулаан, халаалтыг шийдсэн төхөрөмжүүдийг хийж байгаа боловч хөрөнгө мөнгөгүй учир энэ бүхнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж чадахгүй байгааг хэлж байна.



“Бид жишээ нь, төхөөрөмжөө 2013 онд германчуудын оролцоотой хийж эхлэсэн. Өөрийн эрдэмтэд оролцсон учир монгол ахуйгаа тооцон, дулаанаа тал тал тийшээ үлээж гаргадаг, хоёр баганыхаа дунд тавиад хоол цайгаа хийх бололцоотойгоор хийсэн. Айл гэрийн хувьд, цахилгааны ачаалал нэмэгдэхгүй, аюулгүй, зөвхөн эрчим хүчний дотоод шугам сүлжээгээ сайжруулах төрөөс хамаарсан ганц асуудал бий. Бид ШУА-д саяхан болсон “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж” хэлэлцүүлэг дээр төр, засагт хандан санал тавих биш, эрдэмтэд маань ийм төхөөрөмжүүд бүтээлээ, хэрэгжүүлж болох уу гэдэг асуудлыг л тавьсан юм” хэмээв.

Түүнчлэн, “Манай эрдэмтдийн бүтээсэн дулаан хадгалах төхөрөөмжүүд шөнийн цахилгааны хөнгөлөлтийн хугацаанд эрчим хүчийг хуримтлуулж, бүгд цахилгаанаар ажилладаг учир төр, засгаас хамаарах ганц асуудал нь эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар, манай улсын эрчим хүчний чадал хүрэлцэхгүй, 20 хувийг гаднаас авч буйг та бүхэн мэднэ. Ийм нөхцөлд ДЦС-5-ын асуудлыг нэг тийш нь болгож, Дөргөний, Эгийн голын УЦС болон бусад томоохон ДЦС-уудыг барих асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэв.

Б.Болд

Холбоотой мэдээ