Б.Авирмэд: Үнэлгээ багатай ч нутаг орныхоо нүүр царай болсон урлагтаа бид хайртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-17 17:56:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий нутагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсч хөгжсөн 60 жилийн түүхт ойг тохиолдуулан амьдралынхаа 30 жилийг урлагт зориулсан “Хан Хэнтий” чуулгын удирдаач, дарга асан Базарвааний Авирмэдтэй хөөрөлдлөө. 

-Хан Хэнтий чуулгатай холбогдсон түүхээс тань яриагаа эхлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна?

-Анх 1976 онд энэ л чуулгатайгаа холбогдож байлаа. Багшийн сургуулийн урлаг уран сайхны анги төгсч ирээд уран сайханчидтай буюу тухайн үеийн Д.Санжаасүрэн, Ц.Оюунбаатар зэрэг хүмүүстэй хамтран ажиллаж байв. Мөн Батноров суманд дунд сургуулийн багш, пионерийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байлаа. 1978 онд аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатар хотод боллоо. Энэ үед аймгийн нэгдсэн тоглолтод оролцож, чуулгатайгаа улам бүр ойртож, соёлын ордны тоглолтонд оролцож байв. Найрал хөгжим, морин хуур, цахилгаан хөгжмийн хамтлаг, тухайн үеийн н.Амарсанаа, ардын дуучин н.Хүрэлбаатар болон н.Энхбаяр, н.Нармандах хөгжимчидтэй хамтран тоглодог байлаа. Дараа нь ОХУ-д консерватурт явж төгсч ирээд шууд “Хан Хэнтий” чуулгадаа хуваарилагдсан. Тэгээд л 1986 оноос эхлэн тайзны удирдаач хийж эхэлсэн. Бүхий л концерт, дуулалт бүжгийн жүжиг, хөгжимт драм гэх мэт тайзны уран бүтээлүүдийг удирдан тоглуулсан. Арван жил удирдаач хийсэн дээ. Энэ хугацаанд зөвхөн удирдаач хийхээс гадна найрал дууны багш, хөгжмийн багш, 1988-1989 онд дарга хүртэл хийж байлаа. Социализмын үед манай чуулгад 80 хүн ажилладаг байсан бол цомхотгоод 40 гаруй хүнтэй болгож байсан. Улсаас өгсөн төсөв нь халаалтын зардалд яваад өөр юманд хүрдэггүй тийм л хэцүү үетэй золгосон доо. Өөрсдөө мөнгө олж, зохицуулах шаардлага тулгарсан. Дараа нь 1991-1997 он хүртэл, 2003-2016 он хүртэл чуулгынхаа даргаар ажиллаж, нийт 30 жил чуулгадаа ажиллахдаа 21 жилийг нь удирдах албанд ажиллажээ.

-Шилжилтийн тэр хүнд үед даргаар ажиллаж байхдаа та ямар бодлого баримталж байв?

-Тухайн үед төсөв санхүү бага, цалин мөнгө нь багасаад ирэхээр байдал хэцүү байсан. Уран бүтээлчид жүжигчдийн зарим нь өөр ажил руу шилжиж урлагаа орхиж байв. Зарим нэг нь төвийн урлагийн байгууллагууд руу явсан. Харин урлагтаа хайртай, урлаггүйгээр амьдарч чадамгүй хүмүүс нь эндээ тунаж үлдсэн дээ. Социализмын үед манай чуулгад 80-аад хүн ажилладаг байлаа гэхэд 5, 10-хан нь л мэргэжлийн боловсролтой байсан. Харин сүүлийн үед орон нутагтаа байгаа авьяас чадвартай, урлагт сонирхолтой хүүхдүүдийг багаас нь шилж сонгоод сурган мэргэшүүлж, чадавхжуулсны үндсэн дээр мэргэжлийн уран бүтээлч болгох зарчмыг баримтлан ажиллаж байна. Урлагийнхны хувьд төсвийн ажилчид дотроо хамгийн бага цалинтай. Төр засгийн маань үнэлгээ багатай салбар даа.

Бидний баримталдаг бодлого гэвэл Зүүн монгол буюу буриад, барга, үзэмчин, дархад ардын дуу, бүжгээс үндэслээд өөрийн гэсэн өнгө үзэмж, шийдэлтэй уран бүтээл туурвихад чиглэдэг. Үүнийхээ хүчинд манай уран бүтээл үнэлэгддэг. Ялангуяа бусад аймаг, нийслэл, гадаадын улс орнуудад манай уран бүтээлийг үзээд өөр хаана ч байхгүй өнгө төрх, намбатай, шийдэлтэй гэж үнэлдэг юм. Тухайлбал, Японы элчин сайдаар ажиллаж байсан монгол хэлтэй Хамата Сан гэж хүн ирж үзээд, “Би Хан Хэнтий гэж ийм чуулга ер үзээгүй. Аргагүй маш өвөрмөц чуулга байна” гэж үнэлж байсан. Мөн Английн элчин сайд 2006 онд ирээд “Танайх маркетинг менежментээ сайн хийвэл гадаад руу гарч, нүүдлийн театр байгуулах бүрэн боломж байна” гэж хүртэл зөвлөж байсан. Нутаг орныхоо нэр алдрыг сэвтээхгүй сайн уран бүтээл үзүүлэх юмсан гэж хүсдэг. Тиймдээ ч гадны элчин сайд, зочид төлөөлөгчид ирээд муу амтай буцсан удаагүй. “Сэтгэл сэргэлээ, ёстой сайхан зүйл үзлээ” л гэдэг.

-          -Таны даргаар ажилласан энэхүү 21 жилд яг л Авирмэд даргынх гэж онцлохоор ямар томоохон амжилт, ажлууд өрнөв?

-Миний удирдаж байсан үед зөвхөн улсынхаа урлагийн наадмаас гадна гадаадын урлагийн наадмуудад тогтмол оролцдог болсон. Тухайлбал, 1989 онд Ази номхон далайн 85 орны их наадамд гран-при шагналыг авч байлаа. Үүний дараагаар Европт Голланд, Бельги, Люксембургт болсон ардын урлагийн наадамд гран-приг нь авч байлаа. Эдгээр наадмууд нь байр эзлүүлнэ гэж байхгүй зөвхөн гран-при шалгаруулдаг уралдаанууд юм. Би ажиллаж байх үедээ жилд нэг удаа хилийн дээс алхуулж, тэмцээн уралдаанд оролцуулах зорилготойгоор ажиллаж байсан. Өвөрмонгол, Хөлөнбуйр, Шилийн голын театруудтай хамтран ажилладаг. Үүний хүрээнд ажилчдаа амраах, юм үзүүлж нүд тайлуулах зорилгоор солилцоо болон тоглолтоор явуулдаг байсан. Мөн бүх чуулгуудын оролцдог тэмцээн уралдаанд тогтмол манлайд нь явж, гран-приг нь авч байсан. Үүнийг томоохон амжилт гэж ойлгож байна. Дандаа алдар цолтой мэргэжлийн уран бүтээлчид дундаас гран-при авна гэдэг амаргүй даваа. “Хөх тэнгэр” гэх буриад улсын концерт, “Бурхан Халдуны дуулал”, “Хан Хэнтийн дуулал” гэх мэт томоохон концертуудаа толилуулсан. Бид мөн ихэвчлэн уламжлал хэв маягаар уран бүтээлээ туурвихаас татгалзаж, шинэ үеийн мюзиклиуүд тавьж байлаа. Төрийн соёрхолт Б.Шаравын хөгжмөөр "Цөвүүн цагийн хяруу" гэх мюзиклийг анх тавьж байлаа. “Учиртай дөрвөн толгой” гэх жазз мюзиклийг туурвисан. Эдгээр мюзиклүүд Монголд байхгүй. Мэр сэр жижиг бүтээлүүд бий байх гэхдээ манай чуулгын хэмжээний бүтээл байхгүй. Миний үед хөгжмийн зэмсэг,  аппаратур техник улсаас гаргаж өгдөггүй, машин тэрэг, унаа ховор байлаа. Бид өөрсдөө уран бүтээлээ туурвиж олсон мөнгөөрөө чуулгадаа зарим хөгжим зэмсгийг бусдаас урьтаж авч байсан түүхтэй. Өөрийн гэсэн унаагүй бол суманд хүрч үйлчилж чадахгүй шүү дээ. Хамгийн анх Супер-69 машин авч байлаа. Дараагаар нь Пургон, Делика, Истана зэрэг машинууд авч байсан. Тухайн үед энэ машинууд тун шинэлэг байж билээ. Өөрсдийн гэсэн унаатай болчихсон учир түүндээ тохируулаад “Аялгуу” гэх амьд хөгжмийн хамтлаг байгуулсан. “Beatles” хамтлагийн уран бүтээлээр хүртэл бие даасан тоглолт хийж байсан удаатай. Хамтлагаас олсон мөнгөөрөө бид тоног төхөөрөмж, гэрэл, хувцас зэргээ сайжруулж нэмдэг байв. Үүний хажуугаар ажилчдынхаа ар гэрийг давхар хариуцдаг учир мал, туслах аж  ахуйтай болохоор шийдсэн. Энэ ажлынхаа хүрээнд ногоо тарьж үзэж байлаа. Мөн малтай болж, ажилчиддаа жилдээ нэг хонь юмуу ямаа өгч амьжиргаа ар гэрийг нь дэмнэдэг болсон. Миний хувьд ажиллаж байх хугацаандаа ажилчдадаа 800 гаруй хонь, ямаа өгсөн байдаг. Одоог хүртэл манай чуулгын мал бий. Ажилчдынхаа ар гэрийг боломж бололцоогоороо дэмжиж, бүхий л зүйлд нь туслахыг хүсч ажилладаг байсан. Улсын чанартай олон уралдаан тэмцээнд оролцож нэрэмжит шагналуудыг нь авч, явах бүртээ олз омогтой ирдэг сайхан хамт олон. Хөгжмийн зохиолчдын уралдаан, бүжгийн уралдаан, хөгжимчдийн уралдаан, дуулаачдын уралдаан гэх мэт бүхий л тэмцээнийг алгасалгүй оролцдог. Хүмүүсийн харж буй өнгөцхөн зүйлээр уран бүтээл босдог юм биш, маш их хөдөлмөр, хөлсний үндсэн дээр шинэ уран бүтээл бүрэлдэн тогтнож, үзэгч олныг баясгадаг.


-Урлаг хэрхэн бүтдэгээс гадна ямар уран бүтээлчид танай чуулгад ажилладаг талаар та хүүрнэвэл? Чуулгын хувьд шунаад байх цалин бага атлаа олон уран бүтээлч ажиллаж байна. Тэгвэл “Урлаг” гэх зүйлийг яг юу нь хүнийг ийнхүү татаж байна вэ?

-Уран бүтээлчдийн хувьд нэгдүгээрт бурхнаас, эцэг эхээс заяасан өгөгдөл гэж хүнд бий. Дуулах сайхан хоолойгүй атлаа дуулж, сонсголгүй байтлаа хөгжимдөнө, биеийн уян налархай байдал, галбиргүйгээр бүжиглэнэ гэж үгүй. Уран бүтээлч хүнд хөдөлмөрч байдал хамгийн чухал. Бүжигчин болохын тулд таван жил бүжиглэж байж эхлэл тавигдана. Хөгжимчин болохын тулд 10 жил хөгжимдөж байж сая нэг сайхан эгшиг тоглоно. Заяамал авъяасаас гадна асар их цаг хугацаа хөдөлмөр зарцуулна. Ингэсний үндсэн дээр жинхэнэ сайн уран бүтээлч төрөн гарна. Цаг хугацаа, хөдөлмөр л авъяасыг хөгжүүлнэ дээ. Цалин мөнгө бага ажилд яагаад дурладаг вэ гэвэл үүний эхний шалтгаан бол урлагт сонирхолтой, хайртай, дуртайд оршино. Хоёрдугаарт, урлагт олон жилийг зарцуулсан, урлагийг мэддэг түүнд дадсан учраас орхин холдох хүсэлгүйд оршино гэж бодож байна. Дассан газрын даавуу зөөлөн гэж үг бий. Ажилчдынхаа тухайд яривал, Хонгорзул гэж дуулаач бий. Анх хөдөөнөөс сайхан хоолойноос өөр зүйлгүй, бүтэн дуу дуулж чадахгүй л орж ирсэн. Одоо бол мэргэжлийн дуучин болтлоо хөгжсөн байна. Мөн ганц буриад дуу л дуулдаг буриад дууны Ичинхорлоо гэх дууч анх дунд сургууль төгсөөд л ирж байсан. Энэ мэтчилэн олон уран бүтээлчид өсч хөгжсөн. Анх юугаа ч мэдэхгүй, авъяасаас өөр зүйлгүй орж ирээд л чадавхижна. Энэ бол хөдөлмөр, хөлсөө урсган урлагийг сонирхон хайрласных юм. Манай ард иргэдийн дунд нэгээхэн нийтлэг ойлголт байдаг. Энэ нь том гавъяа шагналгүй бол тэр хүнийг уран бүтээлч биш мэтээр хүлээн авдаг. Гэвч тийм биш, томоохон гавъяа шагналгүй ч сайн уран бүтээлчид олон бий. Арын албанд зүтгэдэг хувцас оёж, дизайн гаргах, тайз засалт, нүүр хувиргалт хийдэг, өөрөө хүний нүдэнд харагдахгүй олон уран бүтээлчид бий. Бүтээл гэдэг бол зүгээр нэг сууж байгаад бий болчихдог юм биш. Тухайн хүн насан туршдаа эсвэл амьдралынхаа арав, хорин жилийг зарцуулан бодон тунгааж хийсэн зүйл ч байна.

-Соёлын ордон байгуулагдсаны 60 жил, “Хан Хэнтий” чуулга гэж нэрлэгдсэний 35 жилийн ой тохиож байна. Танд мэндчилгээ дэвшүүлэх эгшнийг үлдээе.

-Үеийн үеийн хамтран зүтгэгчид болон залуу авъяастнууддаа энэ түүхт ойнуудын баярын мэндийг хүргэе. Миний хувьд 30 жилийг Хан Хэнтийн урлагийн байгууллагадаа элээжээ. Энэ хугацаанд хамтдаа ажиллаж хөдөлмөрлөсөн, урлагт хайртай та бүхэндээ гүнээ талархаж байна. Та бүхэнтэйгээ ажиллахад их сайхан байсан. Мөн тухайн үеийн төрийн түшээд удирдлагууддаа баярласнаа илэрхийлье. Бидний уран бүтээлийг сайшаан үзэж, сонирхдог эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ хамгаас их талархаж байна.

-Баярлалаа танд. Уран бүтээлийн олз омог дүүрэн байг ээ.

 

Холбоотой мэдээ