Амьсгалын замын өвчнийг оношлох дэвшилтэт технологи нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-10 16:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмгэг судлалын үндэсний төвд өнөөдрөөс уушгины хорт хавдрыг үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх дэвшилтэт технологи нэвтрүүллээ.


Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд “NanoZoomer-SQ” зайн оношилгооны төхөөрөмжийг тус төвд гардуулав.

Орчин үеийн дэвшилтэт технологийн нэг энэхүү сканер микроскопын тусламжтай уушгины хорт хавдрыг үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох боломжийг нээн өгч буйгаараа ач холбогдолтой.


Төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Эмгэг судлалын үндэсний төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй юм. Монгол Улсад хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудын нэг бол агаарын болон хөрсний бохирдол, орчны аюулгүй байдалтай холбоотой өвчлөл болох уушгины хорт хавдар ихсэж байгаа нь сүүлийн үеийн судалгаа, шинжилгээгээр тогтоогдсон байна. 

Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар оролцов.

Холбоотой мэдээ