2018 онд Увс аймагт болсон онцлох 10 үйл явдал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-27 22:37:18


   Увс /МОНЦАМЭ/. 2018 он Увс аймагт олон сайхан онцгой үйл явдал тохиосноос гадна бас байгалийн гамшиг тохиолдсон он байлаа.

1.     Сүүлийн 20 жилд байгаагүй арвин их ургац хурааж авлаа

   Энэ жил тариалалтын хэмжээ өмнөх оноос таван мянган га талбайгаар нэмэгдсэнийг дагаад хураан авсан ургацын хэмжээ ч өссөн байна. Ингэснээр тариаланчид маань 1993 оноос хойш буюу сүүлийн 20 гаруй жилд байгаагүй арвин ургац хураан авч их ажлын ард гарчээ. Тэрчлэн энэ жил улаан буудайн үрийн шинэчлэл хийсэн нь ийнхүү ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Аймгийн хэмжээнд энэ жил 18285.5 тн үр тариа хураан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8594.5 тн-оор өссөн аж.

2. Элэг тайрах хагалгаа хийлээ

 “Хавдрын эсрэг хамтдаа үндэсний аян”-ы хүрээнд өнгөрсөн 6-р сард Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн тэргүүтэй эмч нар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч нартай хамтран элэгний хорт хавдартай 48 настай эмэгтэйд элэг тайрах хагалгааг хийсэн юм. Гурван цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн хагалгаа амжилттай болж, Увс аймгийн нэг иргэн ийнхүү хүнд өвчнөөсөө ангижирсан юм. Тухайн өвчтний элэгний 35 орчим хувь нь тайрагдаж, хавдар бүрэн авагдсан бөгөөд хагалгааны дараа ямар нэгэн хүндрэл гараагүй.

Элэгний хорт хавдраар Увс аймаг улсад толгой цохиж яваа бол ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө улсын дунджаас хоёр дахин их байгаа нь харамсалтай тоо баримт юм.

3. Өндөр хүчдэлийн шон унаж, аймаг даяараа гэрэл цахилгаанаар тасалдлаа  

  Өнгөрсөн 11-р сарын 24-25-нд шилжих шөнө аймгийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл үүссэний улмаас Улаангом-Чадан чиглэлийн 220 кв-ын агаарын гурван тулгуур багана, Увс-Ховд аймаг чиглэлийн 110 кв-ийн 9 ширхэг багана унаж, баруун гурван аймгийн төв, бүх сумтайгаа гэрэл цахилгаанаар тасалдаж, дөрвөн хоног харанхуйд автсан юм. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Увс аймагт 101 айлын гэр унаж, 117 айлын хашаа, малын хашаа саравч, 13 хувийн орон сууц, 23 аж ахуйн нэгж байгууллагын дээвэр салхинд хийссэн билээ. Тэрчлэн Наранбулаг, Түргэн суманд 8 өрхийн 3900 орчим толгой мал салхинд уруудаж, түүнээс 40 гаруй мал чононд бариулсан байна. Түүнчлэн салхи шуурганы улмаас орон гэргүй болсон 1-3 насны гурван хүүхэд, 20-30 насны хоёр эмэгтэй, нэг өндөр настан болон цасанд боогдсон найман иргэн, нийтдээ 17 иргэний амь насыг аймгийн ОБГ-ынхан авран хамгаалсан юм. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд нийтдээ нэг тэрбум 10 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна.

4. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт явагдлаа

  Өнгөрөгч 10-р сард аймгийн ЗДТГ-аас ОБЕГ-тай хамтран “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт”-ыг 10 жилийн дараа аймагтаа зохион байгууллаа. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 7 хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Увс аймгийн 19 сум болон гамшгаас хамгаалах 11 алба, 38 мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг явуулсан юм. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үеэр мөн Тариалан сумыг нүүлгэн шилжүүлэх, Улаангом сум нүүн шилжих зэрэг ажил хийгдсэн. Ялангуяа Улаангом сум нүүн шилжих дадлага сургуулилтад аймгийн төвийн 22 мянга гаруй иргэн оролцсон юм.

Тэрчлэн газар хөдлөлт, хүн, мал амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан шуурга, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх, цагийн байдлын дагуу аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, өндөр уулнаас аврах ажиллагаа болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгуулсан билээ.

5. Завхан сумаас тэмээн жин ирлээ

   Завхан сумын “Сум сурталчлах өдөр“ өнгөрсөн 11-р сард болж, энэ хүрээнд  30 гаруй жинчин 140-өөд тэмээнд жин тээж аймгийн төвд орж ирсэн юм. Жинчид Сангийн далайн давс, ингэний хоормог, нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ дээж зэргийг 140-өөд тэмээндээ ачиж, 180 орчим км замыг гурав хоногийн хугацаанд туулан ирсэн. Тэмээн жингийн цуваа Улаангом хотноо орж ирэхэд төв замын хөдөлгөөнийг хааж, цагдаагийн хамгаалалт дор Б.Гиваан баатарын талбайд очиж, улмаар Завхан сумыг сурталчлах үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэ үеэр урлагийн тоглолт, тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээ унасан хосуудын жагсаал, тэмээ томнох үзүүлбэр зэрэг арга хэмжээ зохиогдсон.

Их Эзэн Чингис хааны төрсөн өдрөөр зохион байгуулсан уг арга хэмжээнд оролцохоор тус сумын төрийн албан хаагчид, иргэд гэх мэт 200 гаруй хүн сумаасаа ирсэн байв. Жинчид 10 хоногийн дараа сумандаа очсон бөгөөд Улаангомоос буцахдаа өвс тэжээл, гурил будаа зэрэг өвлийн бэлтгэлээ хангаад одсон юм.

6. Улсын тэргүүний сум, сургуультай боллоо

 Бөхмөрөн сум баруун бүсээс шалгарч, “Улсын тэргүүний сум” болж, Увс аймаг зургаан жилийн хугацаанд хоёр “Улсын тэргүүний сум”-тай болоод байна. “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан Бөхмөрөн сумынханд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий гэрчилгээ, 100 сая төгрөг, дурсгалын тугийг гардуулах үйл ажиллагаа өнгөрсөн 6-р сард болсон юм. Увс аймгийн Бөхмөрөн сум нь баруун бүсээсээ Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Төгрөг, Баян-Өлгий аймгийн Толбо сумтай өрсөлдөж, улмаар шалгаран ийнхүү “Улсын тэргүүний сум” болсон юм.

Үүнээс гадна Улаангом сумын Ерөнхий боловсролын цогцолбор 2-р сургууль өнгөрсөн 10-р сард Улсын тэргүүний сургууль боллоо. Тус сургууль нь өнгөрсөн хугацаанд цогц чадамжид суурилсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, тэдний оролцоог хангах, улмаар хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх замаар боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлсэн зэрэг үнэлгээгээр ийнхүү “Улсын тэргүүний сургууль” хэмээх хүндтэй шагналын эзэн болсон юм.

7. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зарим гадаад орны элчин сайдууд Увсад айлчиллаа

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 3-р сард,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 6-р сард Увс аймагт ажиллалаа. Тэд аймгийн удирдлагууд болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзаж, аймгийн нийгэм эдийн засгийн байдалтай танилцан, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонссон юм. Мөн “Ойрад” хөгжимт драмын театрт Увс аймгийн ард иргэдтэй уулзалт хийсэн билээ.

Үүнээс гадна өнгөрсөн 8-р сард БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох албаны хүмүүс Увс аймагт гурван хоног ажиллаад буцсан. Энэ үеэр хоёр улсын хил, боомтын хүнд суртлыг арилгах, баруун бүс нутгаас мах, махан бүтээгдэхүүн авах, түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулах, оюутан залуусыг тэтгэлгээр сургах зэрэг асуудлыг хөндөж ярилцсан юм. 

8. Төв цэнгэлдэхэд мянган бийч биеллээ

   Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан "Увс-өв соёл" соёлын ажилтны зөвлөлгөөнийг Улаангом хотноо өнгөрсөн 5-р сарын сүүлчээр зохион байгуулсан юм. Энэ хүрээнд аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд "Мянган бийчдийн үзүүлбэр"-ийг толилуулж, улмаар сум бүрийн соёлын төвийн уран бүтээлчид, ардын авьяастнууд тоглолтоо өргөн барьсан билээ. Энэ үеэр ойрадын уламжлалт ёс, зан заншил, өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн, ховордсон эд зүйлс, гар урчуудын бүтээл, угийн бичиг, ураг удмын тухай гарын авлага, ном бүтээл бусад баримтат өвийн үзэсгэлэнг гаргасан юм. Тухайлбал, Тэс сумын эсгий ширмэлийн “Уялага” бүлгийн гишүүд бүрэн эсгий ширмэл эд хэрэглэлтэй монгол гэр барьсан нь олны сонирхолыг ихэд татаж байлаа. Мөн баяд эмээл, суран эдлэл, монгол үндэсний хувцас, сийлбэрийн бүтээл, алт мөнгөн эдлэл зэрэг сум орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэнэнгийн үеэр дэлгэн харуулсан юм. Мянган бийчдийн үзүүлбэрт цэцэрлэгийн гурван настай балчираас эхлээд наян настай буурайнууд хүртэл оролцсон нь онцлог байлаа.

9. Давст сумаас эртний хүний занданшуулсан булш олдлоо

Давст сумын нутаг дахь Шүдэн уулын давсны уурхайгаас өнгөрсөн 1-р сард эртний хүний занданшуулсан булш олдож, ихээхэн шуугиан тарьсан юм. Уурхайн давсны үений дээд тал буюу газрын гадаргаас 5-6 метрийн гүнээс уг шарил олдсон бөгөөд хөдсөн дээлтэй, адууны дэл, сүүлээр ороосон байдалтай байжээ. Дэргэдээс нь модон хүрз, ооль зэрэг багаж олноор олдсоныг тухайн үед аймгийн Цагдаагийн газрынхан баримтжуулан зургийг нь авч баталгаажуулж байсан юм. Уг булшийг судлахаар Улаанбаатар хот дахь Шинжлэх ухааны хүрээлэнгээс мэргэжлийн баг ирж авч явсан бөгөөд манай улсын шинжлэх ухааны салбарт шинэ нээлт ч болж болзошгүй гэдгийг онцолж байсан. Учир нь хөдөлмөрийн багаж зэмсэгтэйгээ, давсны уурхайн олборлолттой холбоотой олдвор урьд өмнө нь манай улсын нутаг дэвсгэрээс төдийлөн олдож байгаагүй аж. Харин дэлхий дээр Австрийн нутаг дэвсгэрээс олдсоныг Венийн музейд Альпын нуруунаас олдсон Давсан хаант улсын үеийн олдвор нэртэйгээр хадгалж байдаг аж

10. Улсын баяр наадамд Увсынхан өнгөллөө

Жил жилийн Улсын их баяр наадмаас энэ жилийн баяр наадамд Увсынхан илүү өнгөлөг байлаа. Монгол төрийн их баяр наадамд Увс аймгийн Ховд сумын уугуул, удамт бөх Намсрайжавын Батсуурь арслан түрүүлж Улсын аварга цол хүртлээ. Мөн эмэгтэй сурын харваанд Увс аймгийн Тэс сумын уугуул, Улсын заан Д.Бумбаярын төрсөн дүү Д.Норжмаа дахин түрүүлж, аргагүй цэц мэргэн гэдгээ харуулсан юм. Тэрчлэн, хурдан морьдын уралдаанаас Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, “Ундарга-Увс” компанийн захирал Бадарчийн Норовсамбуу хоёр айраг хүртэж, Увс аймгийн Тэс сумын харъяат Ц.Дамдинядам цоохор хязаалангаа айрагдуулсан. Ийнхүү Увсчууд энэ жилийн Улсын их баяр наадмын гарьд магнай, тод магнай, цэц магнайн эзэн болсон юм. Улсын аварга Н.Батсуурьт хүндэтгэл үзүүлэх баяр наадам өнгөрсөн 8-р сард Улаангом хотноо болж, энэ үеэр Улсын мэргэн харваач Д.Норжмаа болон Улсын алдарт уяач Б.Норовсамбуу, Ц.Дамдинядам нарыг ч мөн аймаг орон нутгаас шагнаж урамшуулсан билээ.

Холбоотой мэдээ