Тариалан суманд урьдчилсан тооцоогоор 150 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-30 17:47:06


   Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Тариалан суманд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд, малчдад урьдчилсан дүнгээр нийтдээ 150 гаруй сая төгрөгийн эд материалын хохирол учирсан байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хичээлийн байр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр их засвар хийгдэж, ирэх сарын эхээр ашиглалтад орох ёстой байтал энэхүү шуурганаар дээвэр нь юу ч үгүй хийссэн байна. Мөн эрүүл мэндийн төвийн барилгын дээвэр, “Туяа-Увс” хоршооны барилгын дээвэр, Төрийн банкны барилгын дээвэр, Соёлын төв, “Алтан дуулга” компанийн барилгын дээвэр тус тус хүчтэй салхинд хийсчээ. Тэрчлэн 24 айл өрх, аж ахуйн нэгжийн гэр салхинд хийсч,  гэр оронгүй болжээ.

“Манай сумынхан саяын шуургыг мал, хүний хувьд харьцангуй гайгүй давсан. Харин эд материалын хувьд ихээхэн хохирол амслаа. Шуурганы улмаас үүссэн нөхцөл байдал, хог хаягдлыг цэвэрлэхээр сумын ЗДТГ-аас хүмүүс аваад ажиллуулж байна. Гэр оронгүй болсон хүмүүсийн судалгаа гаргаж аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Шуурганд гэр нь унасан хүмүүс одоохондоо ах дүү нарынхаа гэрээр байгаа. Мөн шуурганы улмаас цахилгааны зургаагийн нэг шугам, дөрвийн гурван шугам унасан. Өндөр хүчдэлийн нэг шугам унаад 24 цагийн дотор ашиглалтад орж Улаангом хот Дөргөний усан цахилгаан станцаас гэрэл цахилгаан авсан. Салхины хурд сүүлийн 30 минутад 40 м/с-ээс дээш гарсан гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа” хэмээн Тариалан сумын Засаг дарга С.Төгсболд хэллээ.  

Холбоотой мэдээ