Улаангомын цэцэрлэгүүд энэ долоо хоногт ажиллахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-25-нд шилжих шөнө болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас тус аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдон энэ долоо хоногийг дуустал Улаангом сумын цэцэрлэгүүд ажиллахгүй, харин сургуулиуд хуваарийн дагуу хичээллэхээр болсон байна.
Өнгөрсөн шөнө Тариалан сум чиглэлийн 110-ын 9 ширхэг шугамыг
засварлаж дууссанаар Улаангом сум Дөргөний усан цахилгаан станцаас 0,9
мегаватын цахилгаан аваад байна.
Тодруулбал, Улаангом дэд өртөөн дээр шөнийн
3 цаг 30 минутад, Цахилгаан түгээх сүлжээ компанид 3 цаг 45 минутад хүчдэл
өгснөөр Дулааны 1, 2-р станцууд, ус өргөх станцууд, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг
байгууллага цахилгаан эрчим хүчээр хангагдаад байна.
Харин ОХУ-ын Чаданаас ирж
байгаа цахилгаан дамжуулах агаарын гурван шугамын засварын ажилд 100 гаруй хүн
ажиллаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар тус гурван шугамыг тайлж аван талбайг
цэвэрлэсэн ба шинээр угсрах ажил 50 гаруй хувьтай явагдаж байна. Увс аймагт
унасан 12 шугамыг засварлах ажилд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн цахилгаан
дамжуулах шугам сүлжээний ажилчдаас гадна Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
компаниас 18 хүнтэй баг, мөн Эрчим хүчний яамны Бодлого зохицуулалтын газраас 3
хүнтэй баг тус тус ирж ажиллаж байна.
Увс аймгийн 10 гаруй сум сумын төвийн нэгдсэн халаалттай бөгөөд эдгээр сум дизель мотор
асааж шугам сүлжээний усаа эргүүлэн хэрэглэгчдээ дулаанаар хангаж байгаа аж.
Увс аймагт өндрийн 220-ын
тулгуурын нөөц нэг ширхэг, 110-ын тулгуурын нөөц найман ширхэг байсан байна.
Дутуу тулгууруудыг Улаанбаатар хотоос татаж авчээ. Дөргөний
цахилгаан станц 5,8 мегаватын хүчдэл гаргаж байгаа бөгөөд үүнээс Баян-Өлгийд
0,8, Увсад 0,9, Ховдод 3,8 мегаватын хүчдэл өгч, үлдсэнийг нь дотоод хэрэгцээндээ
ашиглаж байгаа аж.