Польш, Швед хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-16 17:03:52

ВАРШАВ. /Ibtimes/. Балтын тэнгис дэх ОХУ-ын цэргийн ажиллагаа тэлж байгаад Швед, Польш түгшиж, цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна гэж Европын мэдээллийн агентлагийн цахим хуудсанд мэдээлжээ.

Дээрх хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын дээд хэмжээний уулзалт Варшав хотод даваа гарагт болжээ.

Швед НАТО-гийн гишүүн орон биш бөгөөд үүнийхээ төлөө нөхөн төлбөр өгөх болсон байна. Үүнтэй холбоотойгоор тус улс өнгөрсөн жил хөрш орнуудтайгаа олон гэрээ байгуулсан бөгөөд үүний нэг нь уг хамтын ажиллагааны гэрээ болж байна.

Нэгэн цагт энх тайван байдалтай байсан Балтын тэнгис аюултай бүс болон хувирлаа гэж Польшийн Батлан хамгаалахын сайд Томаш Семоняк Шведийн Батлан хамгаалахын сайд Петер Хултквисттай даваа гарагт Варшав хотод хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Бүс нутаг дахь ОХУ-ын цэргийн оролцоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Швед өнгөрсөн таван жилд армийнхаа зардлыг 11 хувиар нэмэгдүүлж, НАТО-гийн гишүүн болон гишүүн бус орнуудтай цэргийн хамтын ажиллагааг бэхжүүллээ гэж Хултквист мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд