Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх 69 сая төгрөгийг байгаль хамгаалах бусад ажилд зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-11 10:01:34

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ сарын 10-нд болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Үүний нэг нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтын асуудал байв.


Энэ өдрийн хурлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хуваарилалтыг батлах” тухай  05 дугаар тогтоолын хавсралтын 14 дэх заалтад өөрчлөлт оруулж, хавсралтаар баталлаа. 05 дугаар тогтоолын хавсралтын 14-т Ойн хөнөөлт шавжийн судалгаа, тэмцлийн ажил зохион байгуулах ажилд нийт 69 сая төгрөгийг зарцуулахаар хуваарилсан байсан юм.


Харин энэ ажлыг өнгөрөгч 5, 6 сард БОАЖЯ-ны Ойн судалгааны төв, аймгийн БОАЖГ, сум дундын ойн анги хамтран 376000 га-д нарийвчилсан хээрийн судалгаа хийсэн байна. Ийм учраас энэ ажилд хуваарилсан байсан 69 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх бусад арга хэмжээнд зарцуулахаар боллоо. Тухайлбал, таван сумын байгаль хамгаалагчийг унаажуулахад 10 сая, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зориулалт бүхий техник, тоног төхөөрөмжөөр хангахад 8 сая, их нуурын эко системийг хамгаалах, усны түвшинг нэмэгдүүлэх, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг сайжруулахад Эрдэнэмандал суманд 30 сая төгрөгийг гээд нийт зургаан ажил арга хэмжээнд зарцуулахаар хуваарилж батлав.     

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ