Хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг нийт хэргийн 25-30 хувийг эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-10 09:57:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онол практикийн хурлаар гэмт хэргийг бууруулахад дан ганц цагдаа биш, иргэд ААН, бүх нийтийн оролцоог чухалчилж зөвлөмж боловсруулав.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс хамтран уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан.



Хэрэг бүртгэх албаны дарга, хурандаа А.Амгалан, “Манай албанаас судалгаа, дүн шинжилгээ хийж үзэхэд сүүлийн 5 таван жилийн байдлаар Монгол Улсад үйлдэгдэж буй нийт гэмт хэргийн 25-30 хувийг энэ төрлийн хэрэг эзэлж байгаа дүн гарчээ. Цагдаагийн байгууллага уг онол практикийн хурлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулвал илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байна. Тиймээс бид иргэдийн төлөөллийг үйл ажиллагаандаа оролцууллаа. Онол практикийн бага хурлаас гарсан санал, санаачилгуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулна. Түүнийгээ тухайн дүүргийн хууль хяналтын байгууллага, аж ахуйн нэгжүүд мөрдөн ажиллах учиртай” гэв. 

Хэрэг бүртгэх алба нь энэ оны 2 дугаар сарын 1-ээс эхлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүргийг дагнан хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд уг хэлэлцүүлгийг өмнө Сүхбаатар дүүрэгт зохион байгуулсан бол энэ удаад Сонгинохайрхан дүүргийн ААН, албан байгууллага, Цагдаагийн төлөөлөл хамрав.


Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сард 2500 гаруй хэрэг бүртгэгдсэнээс:


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын байдлаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 792 бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 31 орчим хувийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт юм.


Холбоотой мэдээ