Багш нарын сэтгэл зүйн боловсрол хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-10-05 14:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгэл судлал, нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэд өнөөдөр “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд ба хөгжлийн тухай буруу ойлголт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга О.Лхагвадоржоос нийгмийн сэтгэлзүйд тулгамдаж буй асуудлын талаар тодруулав.Тэрбээр, “Монгол Улсад нийгмийн сэтгэл зүй уруудан доройтож байна. Энэ нь ажилгүйдэл болоод төрийн буруутай үйл ажиллагаа, нийгмийн идэвхгүй байдал зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй. Эдгээр нь хүн төрөлхтөний сэтгэл зүйд ч тулгамдаж буй нийтлэг асуудал” хэмээв.

Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал Н.Оюундалай, “Манай академи Нийслэл болон  Дорнод, Хэнтий аймгийн 2000 хүүхэд, 700 гаруй эцэг эхийн дунд нийгмийн сэтгэлзүйн талаар судалгаа явуулсан. Судалгаагаар багш нар сэтгэл зүйн боловсролд хамрахгүй байгаа нь хүүхдийн  хөгжил, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс насанд хүрэгчдийн сэтгэл зүйн боловсролыг хөгжүүлэх сургалтыг 4 жил зохион байгууллаа. Харамсалтай нь нэг ч багш хамраагүй. Цаашдаа иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд төр засаг анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Сүүлийн жилүүдэд нийгэмд сэтгэлзүйн дарамт буюу бидний нэрлэж заншсанаар стресс ихээхэн газар авч байгааг Сэтгэл зүйн ухааны доктор Д.Алтанцэцэг хэллээ. Тэрбээр, “Хүмүүсийн стресстэж байгаагийн гол шалтгаан нь ердөө л үл ойлголцол. Мөн хүмүүс гэр бүлийн харилцааны асуудлаар сэтгэл зүйчид хандах нь жил ирэх тусам нэмэгдсэн. Энэ нь хамтран амьдрах хүнээ сайн судалж танилгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсанаас үүдэлтэй” гэв.

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ