Гамшгийн үеийн дуут дохиогоор жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-05 14:29:55


 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд 10 дугаар сарын 05-ны өглөөний орон нутгийн 7 цагт гамшгийн дуут дохиогоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт жагслаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Ариунбуян, Увс аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар болон ОБЕГ-ын ажлын хэсэг нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.  Аравдугаар сарын 05-ны өглөөнөөс эхэлж гурван өдрийн хугацаанд иж бүрэн сургуулилт Увс аймагт явагдана.

Өглөөний орон нутгийн 10 цагийн үед Улаангом сумын 11 дүгээр багийн 4-17 тоотод иргэн Батсүхийн хашаанд жорлонд үхэр унасан байна гэсэн дуудлага ирсний дагуу Увс аймгийн ОБГ, Улаангом сумын ЗДТГ-ын аврах анги шуурхай ажиллаж аврах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Аравдугаар сарын 06-ны өглөө орон нутгийн 07.00 цагт гамшгийн дуут дохио дахин дуугарах бөгөөд энэ үеэр аймгийн төв болох Улаангом сумын 12 багийн иргэд дөрвөн цэгт нүүн шилжих ажиллагаа явагдана. Харин 7-нд Тариалан сумын ард иргэдийг нүүн шилжүүлэх үйл ажиллагаа явагдсанаар гамшгийн иж бүрэн сургуулилт албан ёсоор өндөрлөнө.

                                                                               Б.Батхүү 

Холбоотой мэдээ