Гадаад зах зээлд нэвтрэхэд судалгаа чухал байгааг онцлов

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-02 19:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Манай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргаад шууд таниулна гэж ойлгодог нь алдаа юм. Зүй нь тухайн зах зээлд нийцүүлэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх учиртай” гэж өнөөдөр ХХААХҮЯ, Экспорт, олон улсын худалдааны төвөөс зохион байгуулсан бизнес сургалт дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн дэд захирал А.Амаржаргал онцолж байв.

Тэрээр, “Яамны харьяа байгууллага болох манай сан бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоос гадна ААН-үүдийн туршлагыг харилцан солилцох, үзэсгэлэн-яармагт хамруулах, бараа, бүтээгдэхүүнийг гадаад дотоодод сурталчлах зорилгын хүрээнд ажилладаг. Яамнаас “Гадаад зах зээлд амжилттай нэвтрэх нь” сэдвээр сургалт, бага хурал зэрэг үйл ажиллагааг экспортлогч ААН-үүдийг хамруулан удаа дараа зохион байгуулсан байна. Өнөөдөр гадаад зах зээлд нэвтрэх боломж, экспортын бүтээгдэхүүнээ хэрхэн гаргах талаар сургалт болж байгаа бөгөөд тодруулбал  тухайн зах зээлд нийцүүлэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар ярилцаж гол  судалгаа чухал гэдэгт санал нэгдэв. Түүн дээрээ үндэслэн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, гаргах юм.


Өнөөдөр олон улсын зах зээл ямар онцлогтой байдаг, тийшээ яаж нэвтрэх, гадны компаниудтай хэрхэн хамтарч ажиллах, энэ тал дээр юуг анхаарах, хамгийн гол нь тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн шийдэх, маркетингаа яаж хийх талаар Экспорт, олон улсын худалдааны төвийн тэргүүн Л.Баян-Алтай, Япон улс дахь суурин төлөөлөгч Б.Загдрагчаа нар сургалт явуулж байна” гэв.

Өнөөдөр манай улс боловсруулсан бүтээгдэхүүнээс экспортод арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхны болон чацаргана зэрэг эко хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү гаргаж байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Салбарын яамнаас Экспорт, олон улсын худалдааны төв болон Япон улсад суугаа манай ЭСЯ-тай хамтран өнгөрсөн 5 дугаар сард Токио хотноо хоёр улсын бизнес форумыг Монголын 15 ААН-ийг хамруулан хийсний үр дүнд манай 2-3 компани Японы зах зээлд  хамтран ажиллах эхлэлээ тавьжээ. Дээрх үйл ажиллагааны хүрээнд ээлжит бизнес аяллыг энэ 10 дугаар сарын 12-17-нд Японы арьс ширэн бүтээгдэхүүний зах зээлтэй танилцах ээлжит арга хэмжээгээр үргэлжлүүлж Японы Осака хотын Хёого мужийн Химэжи хотноо болох гэж байгаа талаар мэдээллээ.


Б.Болд

Холбоотой мэдээ