Цармын бүргэдэд GPS дохио дамжуулагч суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид Баян-Өлгий аймагт 10 бүргэдэд GPS дохио дамжуулагч төхөөрөмж суурилууллаа.
Есдүгээр сарын 22-нд өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд "Цармын бүргэдийн тогтвортой менежмент" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болсон юм. Уг арга хэмжээг Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын цармын бүргэдийн нийгэмлэг, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр
гаршуулсан таван бүргэдийг байгальд нь буцаан тавилаа боллоо. Шувуу
судлаачид бүргэдчдийн гараас сулласан тав, байгалиас зэрлэгээс нь барьсан тав, нийт 10 бүргэдэд дохио дамжуулагч төхөөрөмж зүүж
явуулсан юм. Энэ нь цармын бүргэдэд судалгааны зорилгоор дохио дамжуулагч
суулгасан анхны туршилт ажээ.
Уг ажлын талаар Монголын зэрлэг амьтан
судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяраас тодруулахад: "Энэ
дохио дамжуулагч нь бидэнд хүний гараас сулласан бүргэдийн үхэл,
хорогдлын хэмжээний тухай судалгааны мэдээлэл өгнө. Хоёрдугаарт, Баян-Өлгий
аймгийн нутаг дэвсгэрт байдаг бүргэдүүд холын зайн нүүдэл хийх эсэхийг
тогтооно. Мөн тэдгээрийн амьдрах орчин, эзэмшил нутгийн хэмжээг судлах боломж
олгоно" хэмээн тайлбарлалаа.
Дээрх GPS дохио дамжуулагч төхөөрөмж нь
1500 долларын үнэтэй, нарны туяагаар цэнэглэгддэг байна. Мөн хоёр цаг тутамд
эрдэмтдэд бүргэдийн байршлын талаарх мэдээлэл дамжуулах бөгөөд олон жилийн турш
ашиглах боломжтой ажээ.