Г. Жавзмаа:Эрүүл малын бүтээгдэхүүнийг "Брэнд" болгох чин хүсэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-20 15:28:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол бүсгүйчүүд үйлэнд уран, үгэнд цэцэн, ажилсаг жавхаалгаараа гайхагддаг. Ховоо татаж, энхийг сахиулж, автомашины бартаат замын олон улсын уралдаанд түрүүлсэн гээд монгол бүсгүйчүүд эрэлхэг зориг, тэсвэр тэвчээр, авъяас чадвартай. Тэдний нэг болох  Хэнтий аймгийн  харъяат Гансүхийн Жавзмаатай хэсэгхэн хором хөөрөлдөв.


-Сийлбэрийг эрэгтэй хүн хийдэг гэж боддог байлаа. Та уран нарийн мэдрэмж шаардсан энэ сайхан уламжлалт урлагийн бүтээлийг хийх ажлыг хэзээнээс, хэрхэн эхлүүлсэн бэ?

-Би сийлбэр хийж эхлээд тав зургаан жил болж байна. Би цагаан идээ боловсруулдаг малчин хүн шүү дээ. Миний өдөр тутамдаа хийдэг ааруулын хэвнээс энэ бүхэн эхтэй. Нэг удаа ааруулын хэв авахаар явж байгаад өөрөө хийх хүсэл төрсөн.

Тэгээд л гэртээ ирээд хар мод, улиасыг мах ногоо хэрчдэг хутгаараа зороод анхны ааруулын хэвээ хийж байлаа. Хүүхдэд төмөр халбага хэрэглүүлэхэд эрсдэл их байсан учраас модоор халбага, тагш хийсэн. Үүнээс хойш янз бүрийн л зүйл хийж байна даа.

-Таны сонирхол танай гэр бүлийн бизнес болжээ. Танай гэр бүлийн гишүүд ямар үүрэгтэй бизнест оролцож байгаа вэ?

-Бид одоо бурхны гүнгэрваа, малчны тамганы хайрцаг, монгол шатар, мөнгөний авдар, цацлын халбага, хэвийн боовны хэв, ааруулын хэв гээд ахуйн хэрэглээний уламжлалт зүйлсийг хийж байна. Нөхөр маань мөнгөний авдрын раам зангиддаг. Хүү охин хоёр маань зураг дизайныг гаргадаг. Хийж байгаа бүхэндээ үндэсний хээ, уламжлалаа шингээхийг боддог.

Алхан хээ нь үүрд бат бэх, мөнхийн хөдөлгөөн, мандан бадрахыг бэлгэддэг учраас хүрээлэн хамгаалах утгаар аливаа зүйлийн хүрээ болгон хээлдэг. Дан алх, давхар алх, тал алх гэх мэт олон янз байдаг. Өлзий хээ гэхэд мөн л олон янзын хувилбар дүрстэй. Эв нэгдэл, баяр жаргал, урт удаан наслахын бэлгэдэж, бүх юм сэтгэлийн аяар, санаснаар, бүрэн төгс бүтнэ гэсэн утгыг агуулдаг.

Энэ сайхан бүхнийг бид өвлөн авсан шигээ уламжлуулан үлдээх учиртай. Тиймдээ ч хүмүүс захиалж хийлгэдэг болсон байх. Хүмүүс мэддэг болсон болохоор бэлэглэж, дурсгадаг болоод байгаа.

-Гэр бүлийнхээ бизнесийн талаар хүмүүст хэрхэн мэдээлэл хүргэдэг вэ?

-Манайхан хүмүүсийн тавьсан ааруулыг хараад энэ хэвийг хаанаас авсан, хэн хийсэн гээд л бие биенээсээ асууж, сурсаар байгаад л намайг олоод ирдэг. Заримдаа хүүхдүүд маань фэйсбүүкт хийсэн зүйлүүдийнхээ зургийг оруулж, зар тавьдаг. Би өнгөрсөн жил аймгийн намрын үзэсгэлэн худалдаанд оролцсон. Хийсэн хэвийг хүмүүс их сонирхож, захиалга өгч байсан. Өвөл бид ааруулын хэв  их хийсэн. Хүмүүс ер нь бие биенээсээ сонсоод л мэдчихсэн байдаг.

-Багагүй хугацаанд та сийлбэр хийсэн байна. Одоо багаж, тоног төхөөрөмж, ажлын өрөөтэй болж тохижсон уу?

-Анх хоолны хутгаараа эхэлж байснаа бодвол хутганууд маань олон төрөл болсон. Гэхдээ сийлбэрээ илүү хөгжүүлж, боловсронгуй тоног төхөөрөмжтэй болохыг бодоод л явж байна. Бусадтай адил хийж, хөгжлөөс хоцролгүйгээр олон сайхан зүйл хийхийг хүсч байна. Би өөрөө хийх сонирхолтой учраас эрэл сурал их хийдэг. Хүүхдүүд маань ч интэрнэтээс олон төрлийн сайхан мэдээлэл авч өгдөг.

-Тун удахгүй таны урлангаар зочилно гэдэгтээ итгэлтэй байна. Таныг цагаан идээнээс гадна хэн бүхний дуртай амттан хийдэг гэж сонслоо. Та хэдийнээс цагаан идээгээр шинэлэг амттан хийж байгаа вэ?

-Би багаасаа цагаан идээ боловсруулж байна. Одоо өрөм, тараг, ааруулаас гадна шингэн сүүгээр молоко, шар сүүгээр цэлцэгнүүр хийдэг. 1990-ээд оны үед малчдад зөвлөгөө өгөх гарын авлага гэж гарч байхад анх молоко хийх талаар уншсан.

Тэгээд молоког гарын доорх материалаар туршаад хийж үзсэн. Хийхэд ажиллагаа ихтэй боловч хадгалалтын горим зөв байвал хэзээ ч хэрэглэх боломжтой. Гаднаас ирж байгаа олон төрлийн молоконууд хэзээ, хаанаа, юугаар хийсэн нь хэлэхэд хэцүү. Би тогтмол вакцинд хамруулсан эрүүл малын сүүгээр хийсэн цэвэр бүтээгдэхүүнийг монгол брэнд болгох чин хүсэлтэй явдаг. Миний хийсэн молоког худалан авдаг хэрэглэгч олон бий. Бяслагны шар сүүгээр цэлцэгнүүр хийж байгаа.

-Та “Зүрх” нөхөрлөлийн гишүүний хувьд юу хийдэг вэ? Хүүхдүүд нөхөрлөлийн ажилд оролцдог уу?

-Нөхөрлөлийн гишүүний хувьд ой хамгаалах, цэвэрлэх ажилд оролцдог. Ой модоо нөхөн сэргээх ажлыг их хийж, ойгоо устгахгүй юмсан гэж боддог. Хүүхдүүд нэг удаа ойд яваад нөхөрлөлийн ажилд оролцоход ой хамгаалах, цэвэрлэх, нөхөн сэргээх талаар их гүнзгийрүүлж ойлгодог. Ямар учиртай, энэ мод тэнд таривал ургах уу, газар  хөрс шороо гэх зэргээр их зүйл асуудаг. Миний бодлоор сургуулийн хүүхдүүдэд нөхөрлөлийн хүмүүс байнга мэдээлэл өгч, ойгоо яаж хамгаалах, хэрхэн нөхөн сэргээх, цэвэрлэх талаар сайн ойлгуулж байвал зүгээр санагддаг.

Эх сайхан нутагт маань өрх гэрийн үйлдвэрлэл хөгжиж, үндэсний брэндүүд дэлхийд танигдах болтугай.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд