Б.Энхтүвшин: "Торгоны зам"-ыг хөгжүүлэхэд Монголчууд онцгой үүрэг гүйцэтгэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-09-16 13:31:26

Энэ сарын 14, 15-ны өдөр Москва хотноо  “Торгоны зам 2015 “ олон улсын  соёлыг хөгжүүлэх II чуулган боллоо.

 Хуралд дэлхийн 16 орны 300 гаруй нэртэй эрдэмтэн, улс төрч, соёлын зүтгэлтнүүд , бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Уг арга хэмжээг БНХАУ -ын Үндэстнүүдийн соёл, урлагийн  сан, “Хятадын Торгоны зам” сан, ТУХН-ийн орнуудын улс хоорондын хүмүүнлэгийн сан, Хувь нийлүүлсэн “Синьао”(БНХАУ) бүлгийн  дэмжлэгтэй А.М.Горчаковын нэрэмжит ардын  дипломатын  сан хамтран  зохион байгууллаа.

Мөн ТУХН-ийн орнууд, ШХАБ , ЮНЕСКО -гийн Гүйцэтгэх хорооны төлөөлөлгчид, олон улсын байгууллагуудын болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн  төлөөлөгчид оролцов. Талууд Орос, Хятад, Казахтсан улсын тэргүүн нарын баталсан Евразийн эдийн засгийн холбоо болон Торгоны зам эдийн засгийн бүсийг зэрэгцүүлэн хөгжүүлэх шийдвэр, мэдэгдлүүдийг  дэмжив.

Хурлын төлөөлөгчид чөлөөт мэтгэлцээний явцад соёлын салбарт түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан төслүүд боловсруулах асуудлаар ярилцан хэлэлцэв. Түүнчлэн чуулганы  үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хамтарсан мэдэгдэл гаргав.

Манай улсаас уг арга хэмжээнд ШУА-ийн  ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, болон ШУА- ийн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл нарын эрдэмтдийн төлөөлөл оролцов.

МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч академич Б.Энхтүвшинд хандан  энэхүү арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссэн юм.

Б.Энхтүвшин “Өрнө –Дорныг холбосон  торгоны зам дээр үндэслэсэн  олон улсын форум  хоёрдахь удаагаа болж  байна. Өнгөрсөн жил Казахстаны  нийслэл Астана хотод анхдугаар чуулган  болж байв.  Анхны  жил 6 орон оролцож байсан  бол энэ жил 16 орон оролцож байна.1980-иад оны үеэс  ЮНЕСКО –гоос “Торгоны зам” төслийг зарласан.

Сүүлийн үед "Торгоны зам"-ыг  эдийн засгийн хөжглийн зам гэж  хөгжүүлэх  чиглэлээр явж байна. Энэ удаагийн чуулганд манай эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

Ер нь “Торгоны зам”-д Монгол улс тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн  байдаг. Бидний өвөг дээдэс  Хүннүгийн үеэс эхлээд тодорхой  хувь нэмэр оруулсан байдаг. Саяхан Оросын хэвлэлээр АНУ-ын Хайсен гэж эрдэмтний  бичсэнийг орчуулжээ. Торгоны замыг хөгжүүлэхэд  Монголчууд  тэр дотроо Хүннүчүүд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж.

Хоёр дахь түрэлт  буюу, Монголын эзэнт гүрний үеэс монголчууд торгоны замын хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Жишээлбэл, Иран-Хятадыг холбосон зам бол  үндсэндээ  их хаадын үеэс Монголын хяналтанд , Монголын нөлөөн дор хөгжсөн.  Дундад Ази-Монгол- Хятадыг холбосон тэр их зам бол Алтан ордны  улс  Цагаадайн улсын нөлөөнд  хөгжлийг олсон. Пакс Монголика гэж ярьдаг. Монголын  эрх гэж. Энэ бол их чөлөөтэй сайхан эрх. Энэ дээр бол гурван зүйлийг онцолж хэлмээр байгаа юм.

Нэгдүгээрт,  Монголчууд олон шашин ,  олон үзэл бодлыг уралдуулж, аль нэгийг нь тэвчихгүй байх биш,  харин тэсвэр тэвчээртэй ханддаг байсан. Эдгээр  нь хөгжилд  тус нэмэр  болсон гэж боддог.

Хоёрдугаарт, “Торгоны зам “бол соёлын зам, ийм учраас тэр замаар зөвхөн бараа таваараар зогсохгүй,  бичиг цааснаас эхлээд соёлыг дэлгэрүүлэн түгээсэн явдал.

Гуравдугаарт,  Монголын эзэнт гүрний үед чөлөөт худалдаа, хөгжил,  Өрнө-Дорнын солилцоо, нэн ялангуяа,  мэдлэг , технологийн  солилцоо бий болсон ийм хүчин зүйлийг үнэлэхгүй бол өөр юуг  үнэлэх ёстой билээ. Монголчуудын морин өртөө, тэмээн жин торгоны замын хөгжилд  онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үеийн манай түүхийг судалсан солонгос,  америкийн эрдэмтэн интернетийн үүргийг морин өртөөгөөр  гүйцэтгэж  байжээ  гэж үнэлсэн байдаг.  Тэгээд эзэнт  гүрний задралын төгсгөлд  торгоны замын ашиг тус Монголчуудын бага хаадын үед ярьж  байсан, цайны зам, талын зам олон төрлийн зам явж байсан, үүнд монголчууд их  үүрэг гүйцэтгэж байсан. Одоо орчин үед  Монгол, БНХАУ, ОХУ  улс  бол хөгжлийн харилцан  хамтын ажиллагааны чиглэл  дотроо эдийн засгийн  коридор байгуулах асуудал тавигдаж байна ”.

-Манай улсад хэдхэн хоногийн дараа бас үүнтэй ижил Олон улсын арга хэмжээ болох гэж байгаа. Энэ чуулганаар ямар асуудал яригдах бол?

–Тиймээ. Энэ сарын 17,18 нд Монгол улсад  Орос, Хятад , Монголын  эрдэмтэд чуулна.  Энэ хурлаар хэлэлцэх нэг асуудал  бол эдийн засгийн коридор, чөлөөт худалдаа, чөлөөт  эдийн засгийн  бүс,  дэд бүтцийн хөгжлийн асуудлыг  ярих гэж байна. Манай талаас ” Торгоны замыг “ бид  “Талын  зам” гэж нэрлэдэг. БНХАУ-ын хувьд бол торгоны зам гэж нэрлэж байна. Ямар ч нэртэй  байлаа  гэсэн  бид солилцоо,  худалдаа, хөгжил, найрамдал нөхөрлөл, ойлголцол  ийм нэгэн  соёлыг түгээн дэлгэрүүлэх,  хамгаалах чиглэл рүүгээ  хамтдаа алхах болно” гэв.

Москвагийн “Торгоны зам 2015” олон улсын  соёлыг хөгжүүлэх  II чуулганы төлөөлөгчид торгоны замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх,  харилцан нэвтрэлцэх,  худалдааны харилцааг түшиглэн эдийн засгийг  эрчимтэй хөгжүүлэх  чиглэл дээр санал нэгдээд байна.  

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд