“Уяачийн өврийн ном” уншигчдын гар дээр очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-02 12:35:47

Шинэ залуу уяачдын гарын авлага болох “Уяачийн өврийн ном”-ыг уншигчдын хүртээл болгож худалдаанд гаргажээ.

“Тод магнай” сэтгүүл долоо дахь хавартаа уншигч олны хүртээл болоод байгаа бөгөөд “Уяач зөвлөж байна”, “Эмч зөвлөж байна”, “Уяаны эрдэм” зэрэг танин мэдэхүйн тогтмол буландаа залуу уяач, хурдан морь сонирхогчдод зориулсан зөвлөмж, зөвлөгөөг хүргэж ирсэн.

ММСУХ уяачдаа бүртгэлжүүлэх ажлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлүүлж, үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 20 жилийн ойгоор Монгол улсын хэмжээнд морь уях их хэрэгт шамдан, төр  цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэдэг 100 мянга гаруй уяач байдаг хэмээн зарласан. Үүнээс ихэнх нь эхлэн суралцагч залуу уяачид бөгөөд “Тод магнай” сэтгүүл тэдэнд зориулан онол, практик хосолсон тус анхны гарын авлагыг бэлтгэн гаргажээ.

“Уяачийн өврийн ном” нь “Тод магнай” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмж, зөвлөгөөний эмхэтгэл үргэлжлэл бөгөөд хурдан хүлгийн хиймориор төр түмнээ цэнгүүлэх үйлсэд 15 буюу түүнээс дээш жил хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан Тод манлай, Манлай цолтой 11 уяач өөрсдийн туршлага дээрээ тулгуурлан зургаан насны морьдын болон  зун, өвлийн уяаны онцлогийн талаар зөвлөжээ.

Мөн малын их эмч нар адуунд давамгай тохиолддог өвчин эмгэгүүдийн үүсэх шалтгаан нөхцөл, илрэх шинж тэмдэг, эмчлэх хийгээд урьдчилан сэргийлэх арга замуудын талаарх зөвлөмжийг хүргэжээ. Энэ бүлгээс мал тэр дундаа адуунд давамгай тохиолддог халдварт, халдварт бус, догол гэсэн гурван төрлийн 20-иод эмгэгийн талаарх анхан шатны мэдээллийг авах боломжтой.

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн байдаг гэдэгчлэн сайн уяач, сайн засалч байх хэрэгтэй учраас уг зөвлөмжийг оруулжээ. Номын гуравдугаар бүлгээс ХААИС-ийн багш, эрдэмтэд үржил, селекци, эрлийзжүүлэг болон нэмэлт тэжээл арчилгаатай холбоотой сэдвээр зөвлөгөө өгсөн байна. Адууныхаа чанар чансааг сайжруулж, хурдлах чадварыг нэмэгдүүлэхээр зорьж, дор бүрнээ үржил селекцийн ажил хийж буй эрхэм уяачид, морь сонирхогчид та бүхэн энэ бүлгийг анхааралтай уншихыг зөвлөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ