1090-н уртын дуучин бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 17:10:53

Дорнод аймгийн Боловсрол соёлын газар, аймгийн уртын дууны  холбооноос зохион байгуулж, ЗДТГ, ХДТ, Хэрлэн сумын ЗДТГ, ШУ-ны академийн хэл соёлын хүрээлэн, СУИС, Хөгжим бүжгийн коллеж, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн дэмжиж “Хэрлэнгийн барьяа” 1090 уртын дуучдын сургалт зохион байгуулж эхлээд байна.

Соёл уламжлалаа хадгалах, түгээн дэлгэрүүлэх, түүх соёлоороо бахархах, соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор зургаан сарын хугацаанд бүсчилсэн хэлбэрээр энэ сургалтыг явуулж байгаа юм. Эхний хоёр сургалт Цагаан-овоо, Чулуунхороот суманд зохион байгуулагдаж 80 гаруй ардын авьяастан хамрагдсан байна. Ирэх 3-р сараас дараагийн сургалтууд явагдах юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр “Хэрлэнгийн барьяа” дууг 1090-н ардын авьяастан дорнод Монголын ая дангаар дуулж баяр наадмаар олны хүртээл болгох юм. Уг дуу нь төрт ёсны их дуу бөгөөд Хэрлэн гол 1090 км урсдагаас төслийг “Хэрлэнгийн барьяа-1090” хэмээсэн байна.

Сургалтыг аймгийн Боловсрол соёлын газрын мэргэжилтэн, уртын дууч МУСТА Идэрбат удирдан явуулж байгаа юм. Төслийг аймгийн Засаг даргын зүгээс нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд дэмжин ажиллаж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ