Герман хилээр нэвтрэгчдийн бичиг баримтыг шалгана

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-14 12:31:27

БЕРЛИН. /ВВС/. Ойрхи Дорнодоос очих цагаачид болон дүрвэгчдийн цуваа тасрахгүй байгааг шийдвэрлэхийн тулд хилээр нэвтрэгчдийн бичиг баримтыг шалгах шийдвэрээ Герман танилцууллаа. Уг нь Шенгений гэрээний дагуу хүмүүс паспортоо үзүүлэлгүйгээр Европын Холбооны  /ЕХ/ гишүүн улсууд руу нэвтэрдэг юм.

Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер өнгөрсөн амралтын өдөр хэвлэлийн бага хурлын үеэр уг шийдвэрээ танилцуулсан байна.

Түүний хэлснээр, энэ нь түр шийдвэр аж. Герман улс дүрвэгчдийг хамгаалах талаарх Европын Холбооны стандартыг цаашид ч дагаж мөрдөнө гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Унгараар дамжин Германы өмнөд нутгийн Мюнхен хотод 12 мянга гаруй дүрвэгч очсон байна. Тэдний олонх нь Сири болон Ойрхи Дорнодын бусад улсын иргэд юм.

Дүрвэгчдийг хүлээн авахыг ЕХ-ны гишүүн улсуудад өнөөдөр болох дотоод хэргийн сайд нарын ээлжит бус уулзалтын үеэр Томас де Мезьер уриалах аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд