Трампын санааг АНУ-ын сонгогчдын дийлэнх нь эсэргүүцэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-24 13:02:19

НЬЮ-ЙОРК. /Sputnik/. АНУ-ын сонгогчдын 50 орчим хувь нь Сирийн дүрвэгчдийг хүлээж авахыг эсэргүүцсэн ч дийлэнх нь лалын шашинтнуудыг оруулахгүй байх санааг эсэргүүцэж буйг шинэ санал асуулгаар тогтоожээ.

Лалын шашинтнуудыг АНУ-д ирэхийг хориод зогсохгүй, лалын шашинтнуудыг бүртгэж, лалын зарим сүмд хатуу хяналт тавих саналыг дэвшүүлсэн, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трамп сүүлийн саруудад дуулиан шуугианы төвд байсан билээ.

"Сирийн дүрвэгчдийг хүлээж авахыг АНУ-ын сонгогчдын 51 хувь нь дэмжиж, 43 хувь нь эсэргүүцсэн бол, лалын шашинтай хүмүүсийг АНУ-д оруулахыг хориглохыг 66 хувь нь эсэргүүцэж, 27 хувь нь дэмжиж байна” гэж Күиннипиак их сургуулиас явуулсан санал асуулгаар тогтоосон байна.

Улс төрийн намын сонголтоороо сонгогчид хуваагдсан бөгөөд АНУ-ын Ардчилсан намын сонгогчдын 74 хувь нь Сирийн дүрвэгчдийг хүлээж авахыг дэмжсэн бол Бүгд найрамдах намын сонгогчдын 82 хувь нь эсэргүүцжээ.

Харин, лалын шашинтнуудын асуудлаар хоёр намын сонгогчдын санал ойролцоо байсан бөгөөд Ардчилсан намын сонгогчдын 79 хувь нь тэднийг АНУ-д оруулахгүй байхыг эсэргүүцэж, Бүгд найрамдах намын сонгогчдын 51 хувь нь эсэргүүцсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ