Баянхонгорын 7 суманд өвөлжилт хүндэрч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 16:19:29

Баянхонгор аймагт 2015-2016 оны өвөл 20 сумын 104 багийн 11.859 өрхөд 3.7 сая мал өвөлжиж байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Гурванбулаг, Заг, Баянбулаг, Бууцагаан гэсэн 7 суманд өвөлжилт хүндэрч гуу жалгандаа 30-40 см, талдаа 10-20 см-ийн цастай, мал бэлчээрт гарахад хүндрэл учирч байна. Мөн тус аймгийн Байдраг, Заг, Баацагаан, Баянлиг суманд өвөлжилт хүндэрч, бэлчээрийн даац хэтэрчээ.

Баян-Овоо сумд цас орсон нь хайлж, нэмж цас орсноос мөсөн ул тогтож, цагийн байдал хүндэрч эхэлжээ. Цасны хэмжээ тал газартаа 10-30 см зузаантай байна. Ялангуяа Байдраг сумд  өдөр бүр цас хялмаалан орж, өнгөрсөн сараас эхлэн 40 хэмээс давж хүйтэрсэн нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлж байгаа аж.

Өнгөрсөн зун зуншлага оройтсон, бэлчээрийн өвс, ургамлын ургалт гүйцээгүй, мал тарга тэвээрэг бүрэн авч чадаагүйгээс, мөн өнгөрсөн жил 2,6 сая байсан малын тоо 3,0 сая давж өссөн нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлснийг албаныхан онцролж байна. Гурванбулаг сумд Архангай аймгийн Хангай, Завхан аймгийн Отгон, Их-Уул сумаас  17 мянган мал орж ирсэн нь мөн бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлжээ. Мөн Байдраг сумын хойд, Баацагаан сумын зүүн хойд, Баянлиг сумын ихэнх нутагт бэлчээрийн даац их хэмжээгээр хэтрээд байна.

Сонирхуулахад, аймгийн хэмжээнд энэ жил нийт 6724 тн хадлан, 467 тн тэжээл, 483 тн гар тэжээл бэлтгэсэн байна. Аймаг, сумын нөөцөд 1250 тн өвс, 650 тн тэжээл бэлтгэхээс нийт өвсний 78 хувь, харин тэжээлийн 32.9 хувийг бэлтгэжээ.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ