Цөмийн хөтөлбөрөөс бусад асуудлаар Иран АНУ-тай хэлэлцээ хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-10 15:37:32

ТЕГЕРАН. /NHK/. Цөмийн хөтөлбөрийн асуудлаас бусад өөр ямар ч асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж Ираны Дээд удирдагч Аяатолла Али Хаменеи өчигдөр нийслэл Тегеран хотноо хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ-тай хийсэн хэлэлцээтэй холбогдуулан Хаменеи, зөвхөн цөмийн асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхийг Иран зөвшөөрсөн, харин бусад асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдсэн байна.

Сирийн хямралын талаар Саудын Арави болон АНУ-тай хэлэлцээ хийхэд Иран бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Хассан Роуханы мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр олон улсын хамтын нийгэмлэгтэй яриа хэлцээ хийхийг дэмжиж байгаагаа уг мэдэгдлээрээ илэрхийллээ гэж хүмүүс үзэж байна.

Энэ сарын сүүлээр АНУ-ын Нью-Йорк хотноо эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн уулзалтад оролцох үеэрээ Роуханы АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах эсэх нь олны анхаарлын төвд ороод байна.

АНУ-ын нөлөөлөл Иранд тогтох вий гэсэн айдас АНУ-ын эсрэг байр суурьтай Ираны хатуу чиг шугамыг баримтлагчдын дунд газар авч байна. 1980 онд Иран, АНУ дипломат харилцаагаа тасалсан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд