“Ford” цахилгаан автомашин үйлдвэрлэлд 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-11 14:26:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford” корпораци цахилгаан автомашин зохион бүтээж, үйлдвэрлэхэд 2020 он хүртэл 4.5 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ.

Үүний зэрэгцээ тус компани цахилгаан автомашиныхаа загварыг 13-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн  “Focus Electric” цахилгаан автомашиныхаа шинэ загварыг 2016 онд багтаан үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Уг автомашин нь 30 минутын дотор 80 хувьтай цэнэглэгдэж, энэ цэнэгээрээ 160 км замыг туулах чадалтай аж.

2050 он гэхэд бензин хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэл болон худалдааг бүрэн зогсоож, хос хөдөлгүүртэй болон түлшээр ажилладаг автомашины үйлдвэрлэлд бүрэн шилжинэ гэж Японы “Toyota Motor” корпораци 10 дугаар сарын дундуур мэдэгджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ