Цөмийн зэвсгээс татгалзахыг АНУ уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-11 10:42:55

ВАШИНГТОН. /Yonhap/. Атомын зэвсгээс илүү хүчтэйд тооцдог устөрөгчийн бөмбөгийг Умард Солонгос бүтээсэн гэж удирдагч Ким Жөн Ун мэдэгдсэний дараа, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоохыг тус улсад АНУ уриалав.

Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэдгийг Ким Жөн Ун анх удаа олон нийтэд мэдэгдсэн юм.

"Цөмийн зэвсэг, тухайлбал, устөрөгчийн бөмбөг бүтээсэн талаар Ким Жөн Ун үг хэлснийг Умард Солонгосын улсын хэвлэлд мэдээлснийг бид мэдэж байгаа” гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Катина Адамс мэдэгдээд, тагнуулын асуудлыг хөндөж болохгүй талаараа нэмж хэлэв.

“Олон улсад хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг Умард Солонгост үргэлжлүүлэн уриалж байна. Цөмийн зэвсэг, зэвсгийн хөтөлбөрөөсөө Умард Солонгос бүрмөсөн, нотолгоотой, эргэлтгүй татгалзаж, холбоотой бүх ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.

Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэснийг мэдэж байгаа гэж Бээжин мэдэгдээд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, хурцадмал байдлыг намжаах, энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн хүчин чармайлтаа холбоотой улсууд нэмэгдүүлэхийг уриалав.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ