ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Хичээлийн анги танхимуудаа камерын хяналтын системд холбож эхэлжээ
Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын “Мандал” сургууль хичээлийн анги танхимаа камерын хяналтын системд холбож байна. Энэ бол суралцагч болон багш нарыг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр гэж сургуулийн захирал М. Энхбаяр хэллээ. Жишээ нь, гар утасаа алдчихлаа гэх гомдол хүүхдүүдийн дунд цөөнгүй үүсдэг бол багш сурагчдын хооронд үл ойлголцол гарсан талаар эсвэл хичээл сургалттай холбоотой санал гомдлыг эцэг, эхчүүд хэлдэг байна. Сургууль бол бүх талаар аюулгүй байдал нь хангагдсан орчин байх ёстой. Ийм орчин бүрдүүлэхэд багш нар ч тэр, суралцагчид ч тэр дор бүрнээ хариуцлагатай байх нь зүйтэй гэдэг үүднээс хяналтын камерыг суурилуулж байгаа гэсэн юм. Түүнчлэн багшийн өдөр тутмын  хичээл сургалтын үйл явцыг эцэг эхчүүдэд нээлттэй болгох гол зорилгыг ч агуулж байгаа ажээ.
2404 өдөр
Эрт ургацын амтат шар төмсийг Шийрийн ногоочид бэлтгэн нийлүүлдэг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Найр наадмын хөл татарч, намрын ажил ундарч буй энэ өдрүүдэд Монгол Улсын эрт ургацын төмсний зах зээлийг тодорхойлдог Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Шийр” суурингийн намрын ажил амьдралтай танилцлаа. Шийрийн хөндийг зорин явах агшинд “намрын ажилд дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж,  шийрийн талд ёстой л ажил, амьдрал буцалж байгаа даа” хэмээн төсөөлөн очсон юм. Гэтэл миний төсөөлөл талаар боллоо. Учир нь тэдний ажлын эд үе нь биднийг найр наадам хийж байхад буюу долдугаар сарын 16-аас эхэлчихдэг юм байна. Өөрөөр хэлбэл, наадмын өдрүүдэд нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд шийрийн бутарч унасан амттай шар төмсийг аль хэдийн бэлтгэн нийлүүлээд эхэлчихдэг гэсэн үг. Тиймээс ч бусад тариалан эрхэлдэг аймгуудад намрын ажил нь эхэлж байхад эрт болцтой төмсний тариалан эрхэлдэг шийрчүүдийн хувьд есдүгээр сарын сүүлд ажил нь шувтарч буй үе байдаг юм байна.
2404 өдөр