Бүх багийн дарга, эмч нар унаатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-07-30 22:27:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 147 дугаар заалт, Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан 36 багийн эмч, 77 багийн Засаг даргыг мотоцикл, аймгийн төвийн хоёр багийн өрхийн эмнэлгийг автомашинтай болгох ажил биеллээ олжээ.
Баянхонгор аймгийн хувьд 2010 оноос хойш төрийн анхан шатны нэгжид ажиллаж, иргэдэд төрийн захиргааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ирсэн багийн дарга, багийн эмч нарын унааг шинэчлээгүй байсан бол ийнхүү 2017, 2018 он дараалан уг асуудлыг аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэж байна.
Орон нутгийн “Бүдума “ХХК тендерт шалгарч, орон нутгийн хөрөнгө оруулалт 187 сая гаруй төгрөгөөр орчин үеийн хурд хүч сайтай, хөдөөгийн замд туулах чадвар өндөр нийт 113 мотоциклийг хугацаанд нь нийлүүлжээ. Ингэснээр Баянхонгор аймгийн бүх багийн дарга, эмч нар бүрэн унаагаар хангагдаж байна. Нөгөө талаар энэ үйл явдал төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагаа, чанар хүртээмжийг 60 орчим хувиар нэмэгдүүлнэ гэдгийг Багийн дарга нар хэллээ.
Энэ жилийн тухайд Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан, Баянцагаан, Баян-Өндөр зэрэг говийн сумдад гантай байна. Хөдөөгийн малчид хөрш зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийгээд эхэлсэн энэ цаг үед багийн дарга, эмч нарыг унаатай болгосон нь цаг үеэ олсон ажил болсныг хөдөөгийнхөн хэлж байна.
Багийн дарга, эмч нар өнөөдрийг хүртэл хүний машинд дайгдах, эсвэл хувийн унаагаар төрийн албыг гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Ингэхдээ хамгийн холдоо 200 орчим км замыг туулж иргэддээ төрийн үйлчилгээ хүргэдэг байжээ.                                                                                                                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ