ХОВД: Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах явган алхалтын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-14 13:36:35

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас бүх нийтийн явган алхалтын аян зарлалаа. 


Тус аян энэ оны есдүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 


Аянд оролцогчид долоо хоног бүрийн бямба гарагт 09:00 цагаас Ховд аймгийн төв талбайгаас улаан богчийн рашаан чиглэлд алхах юм.


Ингэхдээ орчны хог хаягдлыг цэвэрлэх, дасгал хийх, эрүүл амьдралын хэв маяг, алхахын давуу талыг иргэдэд сурталчлах зэрэг эко үйл ажиллагаа зохион байгуулж, өрсөлдөнө.    


Өчигдөр бүх нийтийн алхалтад 100 орчим иргэн оролцжээ. Цаашид орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хамт олныг аянд идэвхтэй оролцож, явган алхалтаар эрүүлжиж, таргалалт, өвчлөлөөс сэргийлэн идэвхтэй зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриаллаа.    


Тус аян “Налгар намар 80+улаа алхъя” уриалга дэвшүүлснээрээ онцлогтой.   


Холбоотой мэдээ