Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн Хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатны нээлтийн хурал боллоо.
Хурлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Суурин төлөөлөгч Даниел Пассон нар нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтөд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьсан бол төслийн нэгдүгээр шатны үр дүнг баруун аймгийн төслийн менежер асан Анна Клейншрот, хоёрдугаар шатны төлөвлөсөн ажлуудыг төслийн захирал Дэвид Ханкок нар тус тус танилцууллаа. Хурлаар PIE2 төслийн хоёр үндсэн үйл ажиллагаа болох сайн засаглал-төсвийн хөрөнгө оруулалт, төрийн санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгох болон барилгын дулаалгын технологийг нийгмийн салбаруудад нэвтрүүлэх чиглэлээр өргөтгөсөн хэлэлцүүлэг болов. Өргөтгөсөн хэлэлцүүлэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд, төслийн багийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, иргэд идэвхитэй оролцож нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, эрчим хүчний тарифын бодлогын орчинд тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гарц хайв.
2018 онд төслийн хүрээнд 2-5 барилгын засварын ажлыг Монгол улсын барилгын стандартад бүрэн нийцүүлэн дулаалах бөгөөд хөрөнгө оруулалтын төслүүдийг эрэмблэх шалгуур үзүүлэлт, хөрөнгө оруулалтын журам боловсруулах, нийслэлийн мэргэжилтнүүдийн хөрөнгө оруулалтын төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Төслийн хоёрдугаар шатанд (2018-2021) нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн орчныг сайжруулах юм. Төслийн нийт төсөв 4 сая шв.фанк ба 2018 онд нийслэлийн төсвөөс төслийн барилгын засварын төсөвт 1 тэрбум төгрөг нэмэлтээр хуваарилжээ.
Ч.Ариунболд
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day