“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдаан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 20:47:09

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын эдийн засгийн форумын хүрээнд өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдаан боллоо.


Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Нийслэлийн Засаг нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд: Санхүүжилт ба төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуралдаанд оролцогчидтой санал солилцож, туршлагаа хуваалцав.


Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Томоохон төслүүд хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс өнгөрсөн нэг жилд Улаанбаатар хоттой холбоотой 90 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хөрөнгө оруулалтын орчныг дэвшилтэт түвшинд хүргэлээ. Энэ удаад нийслэлийн эдийн засгийн шинэ бүтэц бий болгох, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг санаачлан зохион байгуулж байна. Бидний дунд хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн мега төслүүдийг зөвхөн төсвийн хүрээнд бус төр, хувийн хэвшлийн түншлэл, олон талт хамтын ажиллагаан дор хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот дотоод, гадаадын бонд гаргаж, эрчим хүч, орон сууцны төслүүдээ амжилттай хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөлөө. Энэхүү хуралдаанаар бидний хамтын ажиллагаа, уялдаа холбоо зөвхөн нийслэлийн төдийгүй Монгол Улсын хөгжил болоод төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд хүргэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Улаанбаатар хотоос 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлээр “Улаанбаатар метро”, “Шинэ тойрог зам”, “Туулын хурдны зам”, “Тусгай замын автобус”, “Дүүжин замын тээвэр”, “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам”, “Хөнгөн замын тээвэр”, “Трам, Өөдөө тэмүүлэх гүүр”, “Олон түвшний уулзвар” төслийг бүтээн байгуулах юм.


Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ТЭЦ-5, Тархмал эх үүсвэр, Сэлбэ болон Баянхошуу, Ханын материалын орон сууцжуулалтын төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх ажээ.


Мөн Түүнчлэн Хүннү хот, Туул усан цогцолбор, Лаг шатаах үйлдвэр, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Шинэ цэнгэлдэх хүрээлэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Олон улсын зочид буудал, Баруун далай орд зэргийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 







Related news