Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 20:23:23

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын Хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ.


Их цагаан тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэх үед Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг уламжлалтай. Төрийн ордныг нар зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа. Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай юм. 


Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр жавхаа, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байна. Төрийн есөн хөлт цагаан тугийн байршилт, интерьер, суурийн ажлын зургийг архитекторч Я.Амарсайхан, тугийг СУИС-ийн багш дархан Д.Энхдаваагийн удирдлагаар дархчууд урлан бүтээжээ. Төрийн тугийг Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотын адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай, дэл сүүлний дээжээс бүрдүүлэн авч урласан байдаг.


Их цагаан тугны нийт өндөр нь ишний хамт З62, титэм /сэсэм/-ийн тойргийн голч нь 55, хөл тугны нийт өндөр нь ишний хамт 262, титмийн тойргийн голч нь 40 см аж. Төрийн тугны оройн хэсэгт гангаар сийлсэн, жийжүүдсэн хээтэй, сэрээ хэлбэрийн гилбэр байна. Гилбэр нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг бэлгэджээ. Харин Их цагаан тугны гилбэрийн үзүүрт дээшээ дүрэлзэж байгаа галын дүрс байрлуулсан нь Монгол Улс үүрд мандан бадарч байхыг бэлгэддэг бөгөөд гилбэр нь тойрсон цэцгийн дэлбээ хэлбэртэй суурь /цар/-тай байна. Уг суурь болон титмийн туурга, гилбэрийн галын дүрсийг монгол дарханы аргаар алтдаж шармалджээ.


Төрийн туг нь шаргал хээтэй цагаан хоргойгоор хийсэн дөрвөн хэлт манжлага бүхий бүслүүртэй байх ба бүслүүр, хэлийн уулзвар бүр дээр зэс хөөмөл дугуй толь байрлуулсан байдаг аж. Их цагаан тугны гилбэрийн өндөр 58.5, галын дүрсний өргөн З6, гилбэр сэсмийг холбосон дөрвөн ширхэг ган гархины өндөр 9.5, өргөн 7.5 см байна. Титмийн оройд тэнцүү хэмжээтэй найман ширхэг цэцгийн дэлбээ бий. Их цагаан тугны титмийн туурганы өндөр 10.5, дээд, доод хажлаганы өргөн тус бүр 1.З, товрууны тойргийн голч нь 3.5, дөрвөн хэлт манжлаганы урт 81, манжлаганы үзүүрийн улаан хүрэн өнгийн молцогны урт 18, манжлаганы хэл тус бүрийн дээд хэсгийн өргөн 7.5, үзүүр хэсгийн өргөн 10.5, бүслүүрийн өргөн 7.5, манжлага бүслүүрийн хүрэн улаан өнгөт эмжээрийн өргөн 1.0, хэл, бүслүүрийн уулзвар дахь зэс хөөмөл толины тойргийн голч нь 9.0 см хэмжээтэй байдаг аж. 























Гэрэл зургийг Б.Чадраабал

                          Г.Мөнх-Од



Related news