KОЙКА: ‘Мэдлэг ба бодлого’ сэдэвт форум зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-28 14:53:03

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOЙКА/-гаас Глобал сургалтын хөтөлбөрийн төгсөгчдөд зориулсан ‘Мэдлэг ба бодлого’ сэдэвт форумыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.



КОЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, “Манай Глобал сургалтын хөтөлбөрийн үндсэн зорилго нь мэдлэгийг хуваалцах замаар тогтвортой өөрчлөлтийг бий болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, тус сургалтын хамгийн чухал үнэ цэн нь суралцагчдад Солонгос Улсын бодлого, үйл ажиллагааны бодит хэрэгжилтийн талаар мэдлэг олгоод зогсохгүй төгсөгчид маань сурсан мэдлэгээ өөрийн харьяалах салбарт болон улс орныхоо хөгжилд түлхэц болж, түгээн дэлгэрүүлэх явдал юм.


Өнөөдрийн энэхүү форум нь КОЙКА-гийн тогтвортой хамтын ажиллагааны бодлого, чиг хандлагын хүрээнд болж байгаа бөгөөд оролцогчид маань экспертүүдийн тавьсан илтгэлээр дамжуулан тодорхой мэдлэг олж авахын зэрэгцээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



Солонгосын Ардчилал сангийн Монгол дахь төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, “КОЙКА НЬ 1995 онд манай улсад Суурин төлөөлөгчийн газраа нээсэн. Тэр цагаас хойш 30 дахь жилдээ богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Богино, дунд хугацааны сургалт нь төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэдэг. Урт хугацааных нь мэдлэг олгох буюу магистр, докторын зэрэг олгох сургалт юм. Ерөнхийдөө төрийн албан хаагчдыг чадавхжуулахад ихэд анхаарч, БНСУ-д сургалтад хамруулдаг гэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд нийт 3300 төрийн болон ТББ-ын төлөөллийг ямар нэг сургалтад хамруулсан.


Гурван мянга гурван зуу гэдэг бол том тоо. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэзээд өндөр хэмжээний хөрөнгө оруулалт болж ирдэг гэдэг шүү дээ. Тэдгээр албан хаагчид Монгол Улсынхаа хөгжилд өнөөдөр үнэтэй хувь нэмэр оруулж яваа гэдэгт итгэлтэй байна. Би ч гэсэн тэрхүү 3300 төгсөгчийн нэг.  Миний жишээгээр бол, би 2023 онд КОЙКА-гийн тэтгэлгээр БНСУ-ын Ажу их сургуульд Иргэний нийгмийн манлайлал хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө Солонгосын Ардчилал сангийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ нь дээрх хөрөнгө оруулалтын үр шим гэж бодож явдаг. Өмнө нь магистрын зэрэг олгох сургалтыг жилд 1 удаа зарладаг байсан бол одоо 2 удаа зарладаг болсон. Тэгэхээр илүү олон хүн хамрагдах боломж бүрдсэн" гэлээ.

 

KОЙКА нь БНСУ-ын Гадаад харилцааны яамны харьяа Хөгжлийн албан ёсны тусламж хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд хөгжиж буй улс орнуудын бие даан хөгжих чадвар болон тогтвортой өсөлтийг дэмжиж ажилладаг. Одоогоор дэлхийн 45 оронд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дижитал засаглал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 


Манай улсад KОЙКА нь Хамтын ажиллагааны стратеги болон KОЙКА-тай хамтран ажиллах төлөвлөгөөнд тулгуурлан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын зорилгыг дэмжих, дижитал засаглал, хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хүий нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж байна.





Related news