Ардын хувьсгалын 104 жилийн ойн наадмын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 13:24:25

Улаанбаатар, 2025 оныг долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам нээлтээ хийлээ.


Үндэсний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлч оролцов. Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, бахархлын дээд илэрхийлэл билээ.


Энэ утгаараа наадмын соёл, урлагийн бүх үйл ажиллагаа уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр, монгол ухаан, монгол үнэт зүйлийг шингээжээ.


Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” сэдвийн дор монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтыг наадамчин олонд үзүүлэв. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Тэрбээр "Мөнхөд гэрэлтэхийн тулд бид эх орноо хайрлах ёстой гэсэн санааг хүргэх гэж хичээлээ. Бидний өвөг дээдэс даян дэлхийд энх амгаланг тогтоож байсан. Эзэн Чингис хаан даяарын энх тайвныг бий болгож, улс орон гүрэнтэй эв хамтын гэрээтэй ажиллаж байсны том илэрхийлэмж гэж би хувьдаа ойлгодог. Монголчууд бид зочломтгой, найрсаг зан чанараа энэ удаагийн наадмын нээлтэд хэрхэн харуулах уу, Монгол оронд минь хүн бүхэн, эзэн хаан бүхэн тавтай морилоосой, ёс заншил, эдэлж хэрэглэсэн уламжлал, зан заншил, гайхалтай үнэт зүйлүүдийг нээлтээс хараасай гэж бодож найруулсан. Гэхдээ үүний цаана гол амин сүнс нь мөнхөд гэрэлтэх Монгол бий. Бид эх оронч байх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг, эхээ хайрлах юм тэгж чадваас эх орноо хайрлах үндэс бий болно. Иргэн бүр хайрлаж чадваас мөнхөд гэрэлтэнэ гэсэн санааг энэ жилийн наадмын нээлтээр ард олондоо хүргэхийг хичээлээ. Бид хэн байлаа, одоо хэн болчхоод байгаа, ирээдүйд хэн болох тухай дор бүрнээ бодох цаг болжээ. Баясал цэнгэл гэдэг ард түмний баяр хөөр гэхдээ үүний ард ухаарал мөнхөд дагах ёстой. Эх орон гэх үг хамгийн эхлээд эх хүний хэвлийгээс эхэлдэг. Тодорхой хугацаанд тээгдээд эх дэлхий этүгэн минь тосоод авдаг тэр цагаас эхэлж бид нар хүн болох тухай бодож эхэлдэг учраас нарийн нандин зүйлийг нь илүү их ойлгуулахыг хичээлээ" гэсэн юм.


Наадмын нээлтийн тоглолтыг өнөөдөр орой 21:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин тоглоно.


















Related news