Ж.Мөнхбат:Граунд гольфийг нийтийн биеийн тамир болгож хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-05 13:50:57
Архангай /МОНЦАМЭ/. Граунд гольф буюу талбайн гольф нь 1982 онд Япон улсын Тоттори мужид анх үүсчээ. Япончууд эрүүл байж урт насалдаг нь энэ спорттой нэг талаараа холбоотой гэж ярьдаг байна. Архангай аймгийн граунд гольфийн холбоо 2017 он гарсаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд холбооны тэргүүнээр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Спортын төрөлжсөн сургуулийн багш З.Туяа нар ажиллаж байна. Ингээд холбооны тэргүүн Ж.Мөнхбаттай ярилцсанаа уншигчиддаа хүргэе.

-“Архангай - 2017” талбайн гольфийн нээлттэй тэмцээнийг зохион байгууллаа. Ер нь манай аймагт энэ төрлийн спорт хэрхэн хөгжиж байна вэ?

-
Өнөөдөр Граунд гольфийн Архангай 2017 тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 30 гаруй тамирчин оролцож байна. Архангай аймагт Граунд гольфийн холбоо өнгөрөгч гуравдугаар сард байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар холбоо 50 орчим тамирчинтай. Граунд гольфийн холбооны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард, зургадугаар сард нийслэл, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай аймгууд оролцсон нээлттэй тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан. Үүнээс хойш БНХАУ-ын Шанхай, Япон болон Төв аймагт болсон Граунд гольфийн олон улсын тэмцээнүүдэд манай холбооны тамирчид оролцоод байна. Дээр нь мастеруудын III наадмын граунд гольфийн тэмцээнд манай 25 тамирчин амжилттай оролцсон. Ер нь бол үйл ажиллагаагаа эхлүүлээд улам өргөжүүлж нийтийн биеийн тамирын спорт болгох, хүмүүсийн эрүүл мэндэд ач тусыг нь үзүүлэх зорилготой ажиллаж байна.



-Өнөөдрийн тэмцээнийг хараад байхад 40 хүртэлх насны залуус бараг байхгүй байна. Энэ спортод энэ насны залуучуудыг татан оруулах, хичээллүүлэх чиглэлээр яаж ажиллах вэ?

-
Граунд гольфийг хаана, хэн ч тоглож болох спорт гэж үздэг. Мэргэжлийн өндөр ур чадвар, техник шаардахгүй зөвхөн мэдрэмжээрээ тоглодог. Нас, хүйс, мэргэжил, ажил, ур чадвар харгалзахгүй ийм спорт юм. Өнөөдрийн тэмцээнд залуучууд цөөн байна л даа.  Ер нь цаашид залуучуудыг энэ спорт руу татах, тэмцээн уралдаанд оролцуулах ажлууд хийнэ. Нэлээд анхаарч ч ажиллах болно.  Манай холбооны тамирчин залуучууд бий. Архангай аймгийн төгсөгчдийн тэмцээн Улаанбаатар хотод болж байгаа. Үүнтэй давхцаад залуучууд маань тийшээ явчихаад байна. Цаашид төрийн болон ТББ, орон нутгийн захиргаад, Эрүүл мэндийн газар зэрэгтэй хамтран энэ спортыг нийтийн биеийн тамир чиглэлээр нь хөгжүүлэхээр ярилцаж байна. Граунд гольфийн спортоор хичээллэхээр байнгын хөдөлгөөнд байдаг. Тонгойно, бөхийнө, цохино, бөмбөгнийхөө араас гүйнэ, алхана. Энэ бүх хөдөлгөөн үндсэндээ гимнастик болж байгаа юм.

-Саяхан Японд болсон Граунд гольфийн “Юрихама-2017” тэмцээнд аймгаа төлөөлөөд оролцоод ирсэн шүү дээ. Бас чамгүй амжилттай...?

-Сая 10 дугаар сард Японд болсон олон улсын тэмцээнд Монголоос 16, үүний дотор Архангайгаас хоёр тамирчин оролцоод ирсэн. Энэ тэмцээнд Испани, Польш, БНХАУ, Тайвань, Тайланд, Япон гээд Азийн 10-аад орны 270 гаруй тамирчин оролцсон. Монголоос оролцсон тамирчдаас зургаан тамирчин бөмбөгийг нэг удаагийн цохилтоор үүрэнд оруулсан. Үүн дотор Архангайгаас оролцсон хоёр тамирчин хоёулаа оруулсан байгаа. Нэг удаагийн цохилтоор бөмбөгөө үүрэнд оруулчихаар бөмбөгөн хэлбэртэй цом өгдөг.


Энэ нь нэг удаагийн цохиолтоор бөмбөгөө оруулсан гэдгийг баталж байгаа нь юм л даа. Гольфийн спорт бөмбөгөө нэг удаагийн цохилтоор үүрэнд нь оруулах ёстой юм. Чаддаггүй юмаа гэхэд аль болох цөөхөн цохиж бөмбөгөө оруулах юм. Төв аймагт болсон 11 орон оролцсон олон улсын тэмцээнд Архангай аймгийн тамирчин Ж.Бямбадорж гэдэг залуу түрүүлсэн. Мөн Архангай, Өвөрхангай аймгийн тэмцээнүүдэд нэг удаагийн цохилтын цомыг олон тамирчин авсан амжилттай байна даа.

-Энэ спортыг сонгоод хичээллэж байгаа хүмүүст талбай чухал юмуу даа гэж харлаа?

-Тиймээ. Бид сая Японд очоод Граунд гольфийн үүсч хөгжсөн хотод очсон. Гудамжны цэцэрлэг бүрт гольфийн талбайтай юм билээ. Тэр талбай дээрээ хүмүүс нь байнга тоглодог. Манайх өнөөдрийн тэмцээнийг хөлбөмбөгийн талбай дээрээ зохион байгуулж байна л даа. Цаашид бид хүмүүс очоод тоглох боломжтой зүлэг ширдэгтэй газарт гольфийн хэд хэдэн талбайтай болъё гэж зорилт тавьсан ажиллаж байгаа.

“Архангай-2017” талбайн гольфийн нээлттэй тэмцээнд 30 гаруй тамирчин оролцож эхний таван байрыг байлсан бөгөөд нэгдүгээр байранд тамирчин Ч.Оюунгэрэл орж Н.Молорцэцэг, Д.Данаасүрэн, А.Батсүх, Б.Азхүү нар удаах байруудад оржээ.

Б.Гэрэлт-Од
Related news