АРХАНГАЙ: Хүүхдийнхээ товлолт вакцины мэдээллийг шалгахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-09 19:15:14

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Архангай аймагт улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдлын 80-85 хувийг нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг товлолт вакцинд хамрагдаагүй хүүхэд эзэлж байна.


Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан 71 тохиолдлоос 60 нь бүрэн эдгэсэн, эмнэлэгт 14 хүүхэд эмчлүүлж байна.


Дээрх батлагдсан тохиолдолтой 1532 хавьтал байна. Өвчилсөн хүүхдүүдийн 25.3 хувийг нь 10-14 насны хүүхэд, 22.5 хувийг нь 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм.


Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурхны эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Тиймээс иргэд та бүхэн хүүхдийнхээ товлолт вакцины мэдээллийг шалгаж, “УГУ” буюу улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг товлолт вакцинд хамрагдаагүй тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу.


Тодруулж асуух зүйл гарвал 70332180, 99629343 утсаар лавлаж болох юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэх нь чухал. Ялангуяа олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг зөв хэрэглэхийг уриалж байна гэж Архангай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Related news