АРХАНГАЙ: Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний тархалт илүү байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2025 оны 7 дугаар сарын 18-ны байдлаар улаанбурхан өвчний 1532 хавьтал бүхий 86 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 77 нь эдгэрч, 8 нь эмнэлэгт эмчлүүлж байна. Гэрээр болон нас барсан тохиолдол байхгүй.
Насны бүтцээр нь харвал 4 хүртэлх настай 22, 5-9 настай 16, 10-14
настай 25, 15-19 настай 11 тохиолдол зонхилж байна.
Батлагдсан нийт тохиолдлын 80-85 хувийг улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхэд эзэлжээ.
Иймд иргэд
хүүхдийнхээ товлолт вакцины мэдээллийг шалгаад, хэрвээ хамрагдаагүй байвал
харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг аймгийн ЭМГ-аас зөвлөж байна.
Улаанбурхан өвчний 86 тохиолдол нь аймгийн 19 сумаас Тариат, Жаргалант, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Хотонт гэсэн 9 суманд бүртгэгдсэн. Бусад суманд бүртгэгдээгүй байгаа юм.
Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний болоод дархлаажуулалтын талаарх мэдээллийг 99629343, 70332180 дугаараас авч болох юм.
Улаанбурхан
өвчин нь халдварлалт ихтэй ч вакцинаар сэргийлэх боломжтой юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурхны
эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.