АРХАНГАЙ: Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-28 13:02:08

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит VIII дугаар хуралдаан ЗДТГ-ын хурлын их танхимд өнөөдөр 80 гаруй хувийн ирцтэй эхэлж, 13 асуудлыг хэлэлцэж байна. 


Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын тайланг сонсож, төлөөлөгчид санал хэллээ. Төлөөлөгчид аймгийн ИТХ-ыг төлөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах, тойрогтоо ажиллах, иргэдийн хүсэлтийг биелүүлэхэд дэмжих, хурал хуралдах үеэр сумдын төлөөлөгч нарыг аймгийн төвд ажиллах, амрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүсээд, 2025 онд сайн ажилласныг тэмдэглэн хэллээ.


Дараагийн хэлэлцэх асуудал нь аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт. Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид тайлан илтгэлийг танилцууллаа.

 

-Сувилахуйн сургуульд суралцаж буй Архангай аймгийн 102 оюутанд 162.5 сая төгрөгийн төлбөрийн дэмжлэг үзүүлэв.

 -17 суманд шүдний иж бүрэн кабинет байгуулав.

 -Эрт илрүүлэг 49 мянга гаруй иргэнийг буюу нийт хүн амын 53 хувийг хамруулсан.

 -Үл хөдлөх 17 дурсгалыг малчитдай гэрээ байгуулан хамгаалуулж, 17 орчим сая төгрөгийн урамшуулал олгов.

 -2024-2025 онд гадаад, дотоодын аялагчдын тоо 25 хувиар өссөн. 2025 онд гадаадын 31671, дотоодын 509769 аялагч, амрагч Архангайд иржээ.

 -“Малчин кемп” хөтөлбөр 8 сумын 30 байршилд 60 малчин айлыг түшиглэн аялагчдыг авдаг ба 2025 онд 256 гэр захиалгыг хийж, 1026 амрагч үйлчлүүлсэн байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд 338 байнгын, 149 түр ажлын байрыг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлжээ.

-2022-2025 онд Ихтамир сумын “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа ба 2025 оны 11 дүгээр сард байнгын ашиглалтад авсан.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын байгуулагын зургаан шинэ барилгыг ашиглалтад авсан байна. Мөн Хайрхан. Булган сумын төв доторх хатуу хучилттай замыг 100 хувь дуусган, хүлээлгэн өгчээ.

-Ойн хөнөөлт шавж тархсан талбайн хэмжээг 89108 га болтол бууруулжээ.

2024 онд 423102 талбайд ойн нөхөөлт шавьж тархсан гэсэн судалгаа бий. Ойн нөхөөлт шавжтай тэмцэх ажилд улс, аймгийн болон хувийн хэвшлийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тэмцэх ажлыг явуулж, үр дүн гаргажээ.   

-Энэ онд худалдан авах ажиллагааны чиглэлээр 15.2 тэрбум төгрөгий 35 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн ба өнөөдрийн байдлаар 12.8 тэрбум төгрөгийн 30 төслийг хүлээн аваад байна.

 

Энэ мэтчилэн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, болосврол, улсын болон орон нутгийн төсөв, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, төрийн албан хаагчийн шалгалт, боловсон хүчнийг бэлтгэх, нөхөх гэх мэт салбар бүрд хэргжүүлсэн төсөл, үйл ажиллагааг тайлагналаа.

 

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үр дүнтэй гэж дүгнэсэн бол АН-ын бүлгээс үр дүнгүй хэрэгжсэн гэв. Төлөөлөгчдийн саналыг хураахад олонх нь үр дүнтэй хэмээн үзэж, тогтоолыг баталсан юм. 

Related news