АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 14 сумын 135.100 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны ажлын дүнгээр 3 төрлийн ойн хөнөөлт шавжийн голомт тархалттай 50.611 га талбайд тэмцлийн ажлыг хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон.
Аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 31.9 мянган га талбайд гүйцэтгүүлж, ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал, 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 51.5 мянган га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс үүний 28.0 мянган га талбайд агаарын хөлөг (онгоц), 23.5 мянган га талбайд үүргийн шүршигч болон дрон ашиглан тэмцлийн ажлыг хийхээр төлөвлөсөн.
Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэх ажлыг 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар гүйцэтгүүлж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр “Гранд форест”, “Залуу төгөл”, “Томас эйр” ХХК-иудтай хамтран агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Ихтамир сумын ойн сангийн 25.0 мянган га талбайд гүйцэтгээд байна.
Мөн “Номин хангайн төгөл” ХХК Батцэнгэл, Өлзийт, Хайрхан сумын ойн хөнөөлт шавжийн тархалттай 2.5 мянган га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан тэмцлийн ажлыг хийжээ.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан Цэнхэр, Хотонт сумын ойн сан, томоохон голын ай сав дагуух навчит ойн 3.0 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК-аар гүйцэтгүүлсэн байна.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 8 суманд 10.4 мянган га талбайд 415.0 сая төгрөгийн санхүүжилтээр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгүүлэхээр сумдын ИТХ-аар баталуулсан байна. Өнөөдрийн байдлаар Ихтамир сумын хэмжээнд 1400 га талбайд ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Тэгш дүүрэн ММОМ” ХХК, “ЕБЛА” ХХК-д химийн болон микробиологийн аргаар гүйцэтгээд байна.
Тэмцлийн ажлын гүйцэтгэл, үр дүнд Сум дундын ойн ангиуд, сумдын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тогтмол хяналт тавин ажиллаж байна.