Б.Болд-Эрдэнэ: Дүрэмт хувцсаа өмсчихөөд хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллах хамгийн бахархалтай, хамгийн сайхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-18 15:55:30

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн Ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж буй энэ залууг Б.Болд-Эрдэнэ гэдэг. Тэрбээр цагдаагийн сургагч ахлагч цолтой ажил үүргээ гүйцэтгэж, ахлагч нараа хариуцан ажиллаж байна.


Түүний үндсэн мэргэжил хэвлэлийн хянагч. Орон нутгийн АВ телевизэд зураглаач, “Архангай амьдрал” сонинд хэвлэлийн эх бэлтгэгчээр жил гаруй ажиллажээ.


Б.Болд-Эрдэнэ 1987 онд аймгийн төв Эрдэнэбулган суманд төрж өсжээ. 1995-2005 онд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд бүрэн дунд боловсрол, 2005-2009 онд Соёлын дээд сургуулийн хэвлэлийн хянагч мэргэжлийг эзэмшсэн байна.


Болд-Эрдэнэ Батсайханы том хүү бөгөөд эцэг эхээсээ дөрвүүлээ юм.


Аав, ээж болоод ураг садан дотор нь хууль, хүчний байгууллагад ажиллаж байсан хүнгүй хийгээд 2013 онд Болд-Эрдэнэ л эмээгийнхээ чиглүүлснээр энэ салбарын хаалгыг анх татаж, сонгон шалгаруулалтдаа тэнцсэнээр ажлын гараагаа Хашаат сумын хэв журмын цагдаагаар томилогдсоноор эхлүүлсэн байна.  


Цагдаагийн байгууллагад орсноосоо хойш эрүүгийн туслах төлөөлөгч байхдаа Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зургаан сарын хугацаанд нохой сургалтын курст суралцсан бөгөөд нохойн төлөөлөгч хэмээх тусгай мэргэжлийг олж авчээ. Өөрөөр хэлбэл, Б.Болд-Эрдэнэ Архангай аймгийн Цагдаагийн газрын 13 дахь нохойн төлөөлөгч юм. Түүний сургасан, дуудлагад хамт гардаг байсан нохойг Арми гэнэ.


Өдгөө 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд Хашаат сумын хэв журмын цагдаа, Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, эрүүгийн цагдаагийн туслах төлөөлөгч, шуурхай удирдлагын тасгийн мэдээлэл хүлээн авагч зэргийн ажил үүргийг нэр төртэй, хариуцлагатай биелүүлэн ажиллаж явсаар одоо ахлагчийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдоод байгаа юм. Тэрбээр ахлагч нарынхаа сурах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажлаа төлөвлөн эрчимжүүлжээ.


“Дүрэмт хувцсаа өмсчихөөд хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллах нь хамгийн бахархалтай, хамгийн сайхан нь” хэмээн цөөхөн үгээр өөрийгөө илэрхийлсэн нь түүний дуу цөөтэй, даруу занг илэрхийлнэ.


Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний цөм болсон албан хаагч нь ахлагч бүрэлдэхүүн юм. 70 орчим ахлагч нарыг хариуцан, чиглэл, хуваарийг гарган иргэдийн амар тайван амьдралын төлөө зүтгэж, цаг наргүй л ажиллана. Түүний энэ их ажлыг гэргий Б.Норовбанзад, дөрвөн охин нь тун их дэмжинэ. Гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа хомс хэдий ч олдсон жаахан цаг хугацааг гэр бүлийнхэндээ чанартай зориулж өнгөрөөхийг илүүд үздэг нэгэн юм.  




Тэрбээр ярианы төгсгөлд Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдрийн мэндийг Архангай аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд хүргэлээ. 

Related news