АН-ын дарга З.Энхболд өнөөдөр өмнөд хөршийг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАН-ын дарга З.Энхболд Бээжин хотод болох “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцохоор өнөөдөр өмнөд хөршийг зорилоо.
Түүнийг дагалдан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн, АН-ын нарийн бичгийн дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын хүмүүс явж байгаа юм. Ардчилсан намын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэх бөгөөд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтад оролцоно.
Энэ удаагийн бага хурал “Торгоны замыг шинээр байгуулж, хамтын хөгжлийг урагшлуулах” сэдвийн дор болно. Бага хурлын зорилгыг “Хятадын Нэг зам, нэг бүс санаачилгын талаар торгоны зам дагуух улс орнуудын улс төрийн намууд хамтдаа хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх явдал” юм гэж зохион байгуулагчид тодорхойлжээ. Энэ хүрээнд “Улс төрийн манлайлал: Торгоны замын дагуух улс орнуудын улс төрийн намуудын нэгдсэн ойлголт”, “Ард түмний хэлхээ холбоо: Торгоны замын дагуух соёл иргэншлийн шинэ яриа хэлэлцээ”, “Эдийн засгийн интеграци: Торгоны замын дагуух улс орнуудын хөгжлийн шинэ хөдөлгүүр” гэсэн тодорхой сэдвүүд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар салбар хурлууд зохион байгуулах аж.
Б.Туул