“Тамирчны алдар” дуунд Төрийн шагнал хүртээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 16:19:36

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ.


Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын бүтээлийн санг баяжуулан, Монголын утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгааны орчуулсан, эртний грекийн алдарт зохиолч Хомерын “Одиссей”, “Илиада” орчуулгын бүтээлд Төрийн шагнал хүртээсэн байна.




Тэгвэл соёл, урлагийн салбарт 45 жилийн хөдөлмөрөө зориулж, орчин үеийн рок поп хөгжмийн урлаг, дууны яруу найраг, баримтат уран зохиолыг хөгжүүлэхэд авьяас чадвараа дайчлан, эх орон, их түүх, үндэсний бахархал, үнэт зүйлсийг бэхжүүлж, хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох эцэг, эхийн хайр, хайр сэтгэлийн олон шилдэг бүтээл туурвисан Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, яруу найрагч, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы үг, ая “Чингис хаан” рок дуулал, “Чингисийн баатрууд”, “Тамирчны алдар” зэрэг бүтээл Төрийн шагналт боллоо. Тамирчдын яруу алдарыг магтан дуулсан “Тамирчны алдар” дууг анх 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат агсанд зориулан зохиож, олны хүртээл болгож байсан юм.


Харин өнө эртнээс төв Ази болон Монгол орны говь, ойт хээр, тал хээрийн нутагт тархан амьдарч, 20 дугаар зууны дунд үед бүрэн устсан тахийг эх орныхоо унаган байгаль, уугуул нутагт нь амжилттай нутагшуулж, зэрлэг удмыг нь сэргээн, устах аюулаас хамгаалж, Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээл Төрийн шагнал хүртлээ. Тахь нутагтшуулах багт Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Н.Банди, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор З.Батжаргал, “Олон улсын тахь групп”-ийн зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор О.Доржраа, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн үндэсний ахлах зөвлөх, доктор П.Галрагчаа, Их говийн дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга асан О.Ганбаатар нар ажиллажээ.









Related news