“Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-24 15:18:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээв.


Энэ өдөр худалдааны салбараас Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн нь “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл байлаа. Түүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулахын зэрэгцээ хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.


Түүнчлэн гавьяат эдийн засагч болон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, Худалдааны гавьяат ажилтан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор найман хүнийг шагнасан байна. Тодруулбал,

Гавьяат эдийн засагч цолоор:

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав,

МҮХАҮТ-ын тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ж.Гөлгөө,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

“Тэсо групп” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Дамжин,

“Сод Монгол групп” компанийн дэд захирал Н.Ганболд,

Худалдааны гавьяат ажилтан цолоор:

“Наран трейд” компанийн ерөнхий захирал Д.Удвал,

“Баруун-Урт тансаг” компанийн захирал Д.Баясгалан,

МҮХАҮТ-ын Бодлого стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

“Монос Улаанбаатар” компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанцогт нарыг шагнав.


Түүнчлэн Сүхбаатар одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон болон Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 20 орчим хүний энгэрийг цоолсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

 



 

 

Related news