Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 08:12:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэгт зочиллоо.


Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, тус эмнэлгийн захирал П.Баясгалан нар угтан авч, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээний буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг байгуулах гэрээг 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулж, эмнэлгийн албан ёсны нээлтийн ёслолыг 2019 оны зургаадугаар сарын 19-ний өдөр хийсэн. Нээлтэд тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы Гадаад хэргийн сайд Коно Таро тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байдаг. Түүнчлэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол-Японы эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасагт зочилж, Япон Улсад боловсрол эзэмшсэн эмч, сурагч, ажилчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.


Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын бодлоготой уялдуулан манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Их сургуулийн эмнэлгийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, эмнэлгийн тогтвортой менежмент, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн тусламж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх гол зорилго бүхий Японы Засгийн газрын техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос хойш хэрэгжиж буй “Монгол-Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” амжилттай үргэлжилж байна.


Тус эмнэлэгт 28 чиглэлийн нарийн мэргэжлийн амбулаторийн үзлэг, хэвтэн эмчлүүлэх тасгуудад амьсгал, хоол боловсруулах, мэдрэл, хүүхэд, ерөнхий, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, хавдар, гэмтэл согогийн мэс засал зэрэг чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

















Related news