НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт биеллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж ирсэн Монгол Улс 2010 оноос НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоох зорилт дэвшүүлсэн билээ.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2025 оны долоодугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, баталжээ. Ингэснээр НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт бүрэн хангагдаж байна. Тус хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “2018 онд Эсватинийн Хаант Улстай, 2019 онд Барбадос Улстай, 2021 онд Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай, 2023 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох Хамтарсан албан мэдээнд тус тус гарын үсэг зурсан” тухай танилцуулсан. Түүнчлэн манай улс НҮБ-д ажиглагч статустай Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаатай.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгч байв. Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох шийдвэрийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2013 онд гаргажээ. Дээрх шийдвэрүүдийн мөрөөр ажилласны дүнд 2018 он хүртэл 25 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 15 дугаар хэсэгт заасны дагуу дипломат харилцаа тогтоох асуудлыг тухай бүр нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, холбогдох шийдвэрийг батлуулж байсан юм. Харин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар дипломат харилцаа тогтоох асуудлыг НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоож дууссаны дараа нэгдсэн байдлаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон байдаг юм.
Дипломат харилцаа нь улс орнуудын албан ёсны харилцааны үндэс суурь болдог, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсний баталгаа болдог. Монгол Улсын хувьд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад улс орнуудтай эрх тэгш харилцаа тогтоох, харилцан хүлээн зөвшөөрөх үйл хэрэг нэн ач холбогдолтой байсныг цохон тэмдэглэх хэрэгтэй билээ. Монгол Улс НҮБ-ын нийт гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоосон маш цөөн орны нэг болж байна.
Монгол Улс 1961 онд НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд 1966 он гэхэд 33 улстай дипломат харилцаатай болсон бол, энэ үзүүлэлт 1976 онд 79, 1996 онд 130, 2016 онд 188 болсон байдаг.
Манай улс НҮБ-ын идэвхтэй бөгөөд хариуцлагатай гишүүн, гадаад харилцааны олон талт дипломат үйл ажиллагааг дэмждэг улс орны хувьд НҮБ-тай нэн ойр харилцаатай байхыг эрхэмлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд гадаад айлчлалаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох ажлаар эхлүүлсэн нь үүний илрэл байв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад 2022 онд айлчлахдаа, “Дайн дажинтай энэ хэцүү цаг үед Монгол Улс энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” гэдгийг тодорхойлж олон улсын хэмжээнд тунхаглан таниулсан. Ийнхүү Монгол Улсын нэр төр, гадаад ертөнц дэх үнэт зүйл, үүх түүх, өв соёл, ёс заншлынхаа амин чанараар танигдсан он жилүүдийг бид харж байна. Өнгөрсөн онд гэхэд л Монгол Улс түүхэндээ хамгийн олон айлчлал буюу есөн төрийн болон албан ёсны айлчлалыг хүлээн авсан билээ.
Ийнхүү Монгол Улс олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын хүрээнд хэрэгжүүлсэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжлээ.
Дээр дурдсан улс орнуудтай дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломж нэмэгдэж байна.
Хамгийн сүүлд дипломат харилцаатай болсон орнуудын тухайд танилцуулбал:
Манай улс Барбадостой дипломат харилцаа тогтоох сонирхолтойгоо илэрхийлж, хоёр тал дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зуржээ. Барбадос улсын хувьд 1966 онд Британийн колоничлолоос тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болсон. Тус улс нь Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн бүлэг, Карибын хамтын нийгэмлэг, Америкийн улсуудын байгууллага зэрэг бүс нутаг, олон улсын байгууллага, олон талт механизмуудын гишүүн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлд идэвхтэй байр суурьтай аж.
Тэгвэл Монгол Улс, Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Тус улс нь 1968 онд Британийн хяналтаас бүрэн гарснаар тусгаар тогтнолоо олж, НҮБ-ын гишүүнд элсжээ. Африкийн өмнөд хэсэгт орших тус улс мал аж ахуй, аж үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суурилсан харьцангуй төрөлжсөн эдийн засагтай, дундаж орлоготой улсад тооцогддог бөгөөд далайд гарцгүй гэдгээр манай улстай ижил төстэй юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаготой дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зуржээ. Карибын тэнгист орших хоёр арлаас бүрдэх тус улс нь 1962 онд Их Британиас бүрэн тусгаарлаж, НҮБ-ын гишүүн орон болсон. Шингэрүүлсэн байгалийн хийн экспортоороо бүс нутагтаа тэргүүлдэг, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагаас гадна Карибын хамтын нийгэмлэг, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагын идэвхтэй гишүүн аж.
Тэгвэл хамгийн сүүлд буюу Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээнд 2023 оны 12 дугаар сарын 6-нд гарын үсэг зуржээ. Тус улс 1966 онд тусгаар тогтнож НҮБ-ын гишүүнээр элсжээ. Шинээр тусгаар тогтносон Африкийн улс орнуудтай харьцуулахад тус улс нь улс төрийн тогтвортой тогтолцоотой орны тоонд зүй ёсоор ордог. Далайд гарцгүй, байгалийн баялгийн нөөц ихтэй, алмааз болон зэс, никель, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний томоохон экспортлогч гэдгээрээ онцлог юм.
Related news

