Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитогийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Дамбадаржаа дахь “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т зочлон, гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Хүндэт зочдыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, орлогч Т.Баярчимэг нар угтан авч, цогцолбор болон менежментийн талаар танилцуулав. Цогцолборыг 2001 оны аравдугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, нийслэл хот, МУЗН, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран байгуулсан юм.
Дэлхийн II дайны дараа Японы 14 мянга гаруй олзлогдсон иргэнийг Сибирээс авчирч, Засгийн газрын ордны суурь, Дуурийн театр, Гадаад явдлын яамны барилга болон 23 айлын орон сууц, “Элдэв-Очир” кино театр, Улсын төв номын сан, Намын Төв Хорооны 12 айлын орон сууц, Намын сургуулийн хичээлийн байр, Нэгдүгээр амаржих газар, МУИС-ийн байрны өргөтгөл, Их тэнгэр, Сонгино, Нүхт зэрэг газар дахь барилгын бүтээн байгуулалтад ажиллуулсан түүхтэй. Цогцолборын хадгалалт, хамгаалалтыг гэрээний дагуу Монголын Улаан загалмай нийгэмлэг, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна.
Related news

