Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 12:31:30

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэй Улсын дуурь бүжгийн эрдмийн театр санаачлан хамтран зохион байгуулж буй Австрийн соёлын форумын хүрээнд хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер энэ өдрүүдэд Монголд ажиллаж байна.


Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад мастер класс сургалт өгсөн бол энэ сарын 25-нд “Сонгодог үдэш” тоглолтыг удирдах нь ээ. Уг тоглолтод дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжсээс УДБЭТ-ын театрын уран бүтээлчидтэй хамтран эшиглүүлэх юм.


Маттиас Флецыбергер нь Австрийн Вена хотод төрсөн бөгөөд таван наснаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцсан байна. Дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч бөгөөд концерт, дуурийн удирдаач мэргэжлээр суралцан төгсөж, олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг Вена хотдоо болон олон улсад туурвисан туршлагатай уран бүтээлч аж. Тухайлбал, Чех, АНУ, Канад, Болгар, Швейцар, БНСУ, Япон, БНХАУ-ын алдартай театруудад ажиллаж байжээ.


Түүний хувьд манай улсад одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд анх ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучид болон төгөлдөр хуурчидтай ажиллаж байв. Харин энэ удаа Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалыг угтан тус улсын ЕТГ-ын Соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, БНХАУ-д Австри улсаас суугаа Элчин сайдын яамны Соёлын консул Хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр  дахиа манай улсад ирж, УДБЭТ, Улсын Филармони, Монгол Улсын Консерватори зэрэг байгууллагын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа ажээ.







 

Related news