“Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 21:19:23

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “Алтан соёмбот Монгол” төрийн хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөний тайзнаа өнөөдөр толилууллаа.


Энэхүү хүндэтгэлийн тоглолт нь нүүдэлчин ахуй, төрт ёсны дархлаа, эх оронч үзэл, түүхэн уламжлал, төрийн бэлгэдлийн утга агуулга зэрэг үндэсний бахархлыг хөгжмийн аялгуу, бүжгийн дүрслэлээр илэрхийлж, уламжлалт соёлыг орчин үеийн дэвшилтэт техник, гэрэлтүүлэг, найруулгын цогц шийдэлтэй хослуулжээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатар, уран сайхны зөвлөхөөр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ажилласан байна.  


Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Соёлын төв өргөө, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулга, “Улаанбаатар” театр, “Хатан” бүжгийн чуулга хамтран нийт 500 орчим уран бүтээлч нэгдэж, ардын болон сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдээр баяжуулсан, техник технологийн дэвшил, уламжлал шинэчлэлийг хослуулсан тоглолтыг наадамчин олондоо өргөн барив. 























Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од

Related news