Э.Гансүх: Сүүлийн 100 жил наадамд түрүүлж айрагдсан 10000 гаруй мориноос монгол адууны дахин давтагдашгүй 9 дүрслэлийг гаргасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
-Дэлхийн адууны өдөрт-
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Урлаг судлалын ухааны доктор зураач Э.Гансүхээс монгол адуу дүрслэх урлагт шингэж судлагдсан талаар тодруулснаа толилуулж байна.
-Монгол морь дүрслэх урлагт хэрхэн дүрслэгдэж, судлагдсан байдаг вэ?
-Ер нь, адууны дүр дүрслэгээ хадны зургаас эхтэй. Судлаачид энэ түүхийг 4000 орчим жилийн өмнөөс гэж үздэг. БНХАУ-ын судлаачид сүүлийн жилүүдэд 6000 жилийн тэртээгээс адууг гаршуулж, гэршүүлсэн гэж хадны зураг дээр түшиглэн үзэх болжээ.
Ховдын Ямаан усны хадан дээр морь унаад явж байгаа, хөтлөөд явж байгаа, тэргэнд морь хөллөсөн байгаа адуу, монгол адууны зураг маш их байгаа. Эндээс хөөгөөд үзвэл адууг монголчууд их эртнээс уналга эдэлгээнд хэрэглэж байсан нь ойлгогдоно.
Эртний цөөхөн адууны нэг хэсэг цөм нь монгол адуу гэж хэлж болно. Адууг нэг бол зэрлэг, нэг бол уналга эдэлгээнд ашиглаж ирсэн байдаг. Гэтэл монгол адуу уналга эдэлгээнд ашиглагдагч хагас зэрлэг гэдгээрээ бусад адуунаас ялгаатай.
-Монгол морины дүр дүрслэлийг судалж бий болгохдоо “хүлэг” гэх хэв шинжийг барьж гаргасан гэж та ярьж байна. Хүлэг гэдгийг илүү тодруулах уу?
-Хүннүгийн Модун шаньюгийн мянган бээрийн гүйдэлд алдартай хүлэг байдаг. Мянган бээр гэдэг нь одоогоор 400 орчим км газар гэж байгаа шүү дээ. Тэр хүлгийг хятадын хаан авахыг хүсэмжилсэн. Шанью эхнэрээ, хүлэг морио хүслийнх нь дагуу өгсөн. Харин газар нутгаа өг гэхээр байлдсан байдаг.
Тэр адууны тухай хятад эх сурвалж дээр маш их баримт бий. Бүр алт мөнгөөр дүрсэлчихсэн байдаг. Түүнд дөрөөлж монгол адууны дүр дүрслэлийг гаргасан.
Мөн Хүннүгийн үеэс наадам хийж эхэлсэн тухай эх сурвалжуудад байгаа. Гэхдээ одоогийнх шиг нүсэр наадам биш шүү дээ. Дайн тулаанд ялаад, түүнийгээ баяр цэнгэл болгон тэмдэглэхдээ мориныхоо сүүлийг боож хүүхдээр унуулаад ойрын зайнд уралдуулдаг ч юм уу, эсвэл ямар нэг дайн тулааны өмнө баярлаж цэнгэх ч байдаг юм уу, эндээс наадам, хурдны морины тухай ойлголт гарч ирж байгаа юм.
Монголчуудын хувьд өрнөдийнхөн шиг эд хөрөнгө цуглуулаад байшин барилга бариад, уран зураг зурж цуглуулаад ханандаа хадаад байдаггүй. Харин монгол хүнд морь, түүний эмээл, хазаар хэрэглэл нь соёл болж үлдсэн. Морийг дагаж бий болгосон том соёл нь бусад улсуудынхаас ялгаатай байжээ. Сур боловсруулаад олом, жирэм, ногт, хазаар хийж мөнгөлөх болсон байна. Түүнийгээ эрийн хийморь, шүтээн болгоод 2000 гаруй жил хайдаглаж үе дамжуулж иржээ. Одоо ч хэрэглэж байна. Энэ хаягдаж гээгдэлгүй ирсэн соёл монгол хүн байгаа цагт цаашдаа ч гээгдэхгүй.
-Та өөрийнхөө судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн монгол мориныхоо зургийг илүү тодорхой тайлбарлаач...
-Адуу судлаачидтай уулзаад ном эх сурвалж үзээд явахад, судалгаа түшиглэж гаргаж ирсэн монгол адууны анатоми зураг байгаагүй. Тэгэхээр түүнийг гаргаж болох нэг хувилбар юм байна гэж үзсэн. Гэхдээ уналга эдэлгээний морины хэлбэр гэж нэг юм байна. Тухайлбал, монголчуудын хонины морины гэдэс гүзээ толгойных нь хэлбэр дүрс, хурдан мориныхоос арай өөр. Энэ хоёрыг харьцуулан араг яс, булчин дэл сүүл, арьсны судалгаа хийсэн.
Ер нь хүлгийн шинжийн дүрсний судалгаа хийх явцдаа монгол адуунд давтагдашгүй 9 янзын хэлбэр дүрс, дүрслэл хэв шинж байна гэдийг тодорхойллоо.
Хэлбэр галбир хоорондоо холилдоод цаашаа задарна. Энэ дундаж төрхийг тодорхойлохын тулд эх сурвалж хэрэгтэй болсон. Тиймээс монгол бичгээр бичигдэж 300 гаруй жил хадгалагдсан морины судруудаас зөвхөн хүлгийн шинжийг бичиж дүрсэлснийг түүвэрлэн аваад монгол морины дүрсийг гаргахад ашигласан.
Мөн сүүлийн 100 жил улс, аймаг, бүсийн наадамд түрүүлж айрагдсан 10000 гаруй морины гэрэл зургийг цуглуулж сегментээр ялгаад судартайгаа тохируулж, хүнд үзүүлэх монгол адууны 9 дүрс, дүрслэлтэй болсон гэж ойлгож болно.
Энэ 9 хэлбэр төрх гэдэг 9 цацлын агуулгаар бий болсон, түүний голд нь ямар дүрс нь байх вэ гээд аваад үзэхээр луун шинжтэй хүлгийн дүрс, дүрслэл тохирсон гэж ойлгож болно. Тэгэхээр эхний ээлжинд бид энэ луун шинжтэй монгол мориныхоо дүрсийг гаргаж авлаа. Дараа дараагийн судалгаагаар бусад найман монгол морины зураг бүрэн гарах боломжтой болж байгаа юм. Энэ луун шинжтэй хүлэг гэрэл зураг, хурдан морины сударт байгаа байдлаараа сайн морины шинж хүлэг морины шинж гээд маш их материалтай байсан. Түүн дээрээ ноцолдож энэ дүрсийг гаргаж зурж дууслаа. Энэ бол нэг л судалгаа, магадгүй дараа дараагийн эрдэмтэд судалж өөр байдлаар гаргах байх. Миний судалж гаргаж ирсэн луун шинжит хүлэг монгол морины зураг бол шинээр гарч ирэх монгол адууны зургийн суурь нь болж өгөх байх аа.
-Монголчууд адууг хүлэг гэж хүндэлдгийн учир юу байх вэ?
- Хүлэг гэдэг хүлэгт баатар гэдгээс гаралтай. Хүлэгт баатар гэдэг маань хүлэг гээд морин дээрээ тогтоод үлджээ. Чингисийн үеийн хүлэгт баатрууд нэг эхээс гарсан ах дүү 3 морьтой байсан байна. Яг дайн тулаанд хамгийн хүчтэй хурдтайг нь хуяглаж ордог байжээ.
Мөн уналгын болон ачааны морь гэж байжээ. Энэ 3 морийг хооронд холбож хөтөлж авч явдаггүй. Ах дүү морьд нэг нэгийгээ орхидоггүй талаар эртний судруудад бичсэн байна. Дайн тулаанд явахдаа уналгынхаа морийг унана, зэр зэвсгээ ачлагынхаа моринд ачна. Харин дайнд ямар морио хуяглаж ордгийг дээр хэлсэн. Ах дүү 3 морь өөр өөрийн тусгай үүрэгтэй байжээ.
Монголчуудыг 3 өдөр, 6 өдөр зугтаасан тухай түүхэн баримтууд байдаг. Тэгэхээр тэр 3 морио ээлжилж унаад тийм олон өдрөөр зугтаад байсан байж шүү дээ.