Монгол түмний төрт ёс, түүх уламжлал, соёлын өвийг гэрэл зургаар харуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-09 11:19:06

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал-Мөнхөд гэрэлтэх Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд гарч байна. 


Тус үзэсгэлэнг Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой болон Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй юм.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн монгол түмний төрт ёс, түүх, байгаль, соёлын өвийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд таниулж, бахархал төрүүлэх зорилготой юм.


Энэ удаагийн үзэсгэлэнд төрийн тахилгат “Арван гурван” их хайрхан, түүний дотор “Бурхан Халдун” зэрэг түүх, байгаль, шинжлэх ухааны үнэ цэн бүхий сэдэвт гэрэл зургуудыг дэлгэжээ. Мөн Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нарын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалтай холбогдуулан хоёр орны найрамдалт харилцааг харуулсан гэрэл зургууд тус үзэсгэлэнгийн онцлох хэсэг болжээ.


Үзэсгэлэнгийн бас нэг онцлох хэсэг бол “Токио хот Монголын гэрэл зурагчдын дуранд” нэртэй цомог бөгөөд “Токиогийн гэрэл зургийн сар-2025” үйл ажиллагаанд оролцсон монгол гэрэл зурагчдын бүтээлүүдийг багтаажээ. Түүнчлэнэнэхүү үзэсгэлэнгээс Японы байгаль, уламжлал, ахуй соёлыг монгол гэрэл зурагчдын өнцгөөс харуулсан бүтээлүүдийг үзэх боломжтой.


Уг үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж.



Related news