Португалын Ерөнхий сайдын нам сонгуульд ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-19 14:12:30

БУЭНОС-АЙРЕС, 2025 оны тавдугаар сарын 19 /BBC/. Баруун төвийн үзэл баримтлалтай, Португалын эрх баригч Ардчилсан холбоо парламентын ээлжит бус сонгуульд ялсан боловч дахин олонх болж чадсангүй. Тус улсад сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахь удаагаа сонгууль явуулж буй нь энэ юм.  


Ардчилсан холбооны дарга Луис Монтенегро дэмжигчиддээ хандаж хэлсэн үгэндээ, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, хөгжил цэцэглэлт, нийгмийн шударга ёсыг баталгаажуулна гэдгээ амласан байна.


Харин Социалист намын дарга Педро Нуно Сантос нам нь ялагдсан тул албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгджээ. Энэ удаагийн сонгуулиар тус нам олон суудлаа алдаж, хэт барууны үзэлт, харьцангуй шинэ нам болох “Чега”-тай ойролцоо суудал авчээ.  


“Чега” намын дарга Андре Вентура хэлэхдээ, сонгуулийн түүхэн дүн Португал дахь хоёр намын ноёрхлыг эцэс болголоо гэв. Тэд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр цагаачлал, авлигын асуудалд төвлөрч байснаас гадна энэ удаагийн болон өмнөх сонгуулийн үеэр тухайн үеийн Ерөнхий сайдтай холбоотой дуулиан дэгдсэн нь “Чега”-д нөлөөлсөн байх магадлалтай.


Харин Л.Монтенегрогийн хувьд намын дарга болохоосоо өмнө байгуулсан, одоо өөрийнх нь хүүхдүүдийн эзэмшилд байгаа компанитай холбоотой дуулиан шуугианаас хамгаалж байсан гэр бүл болон “улс төрийн гэр бүл”-дээ талархал илэрхийлжээ. Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гарсны дараа сонгуулийг зарласан нь эл маргаанаас үүдэлтэй байв.


Үүнээс гадна П.Сантос албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэх үеэрээ Л.Монтенегро бол ерөнхий сайд болоход тохирохгүй хүн хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлж, Социалист нам энэ асуудлыг орхиж болохгүй гэж хэлсэн байна.

 


Related news