БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй орнуудад татвар ногдуулна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /TASS/. БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй улс орнуудад худалдааны нэмэлт татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.
“Америкийн эсрэг чиглэсэн БРИКС-ийн бодлогыг дэмжиж буй аль ч улсад 10 хувийн нэмэлт тариф ногдуулна. Ямар ч хөнгөлөлт байхгүй” хэмээн Цагаан ордны тэргүүн “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Тэрбээр мөн АНУ-ын засаг захиргаа долоодугаар сарын 7-ны өдрөөс эхлэн улс орнуудад хоёр талын худалдааны цаашдын нөхцөл, Америкийн зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд нь ногдуулах татварын хувь хэмжээ болон гэрээ хэлцэл байгуулахтай холбоотой асуудлуудын талаар мэдэгдэж эхэлнэ гэдгийг мэдэгджээ.
БРИКС-ийн XVII удаагийн дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Бразилын Рио-де-Жанейро хотод болж байна. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх асуудлуудад эрүүл мэнд, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг сэдвүүд багтжээ.
Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2010 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ оны нэгдүгээр сард Индонез улс бүрэн эрхт гишүүнээр элссэн байна.